Хотын захиргаанаас орлого багатай, орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд байр түрээсэлж байв. Түрээслэх зорилгоор барилга барьсан ч удаатай. Гэхдээ тэр үед залуус хоосон буцаж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөхнийг хүртсэн. Тухайн үед эрэлт их ч, байр цөөхөн байлаа.
Өнгөрсөн оны сүүлчээр байр авч чадахгүй байгаа иргэдэд Засгийн газраас цөөнгүй орон сууцыг зах зээлийн ханшаас хамаагүй хямдаар түрээслэх тухай мэдээ дуулдаж эхэлсэн нь иргэдэд томоохон боломж олгов.
Хамрагдах хүсэлтэй хүмүүсийг өчигдрөөс бүртгэх тов ч гарсан юм. Үүний дагуу цөөнгүй иргэн өчигдөр ТОСК (Төрийн орон сууцны корпорац)-ын хаалгыг сахиж, шийдвэр хүлээсэн ч харамсалтай нь бүртгэж эхэлсэнгүй.
Биднийг 11.00 цагт ТОСК-ын байрны гадаа очиход тус байгууллагынхан “Өнгөрсөн сарын 23-нд БХБЯ-наас баталсан Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу ТОСК дахиад нэг журам батлах шаардлагатай. Тэр хүртэл хүлээнэ үү” гэсэн утга бүхий зарлал наажээ.
Журмаа хэдийд баталж, хэрэгжүүлэх талаар тэднээс тодруулахад “Энэ долоо хоногт багтаан дуусгах төлөвлөгөөтэй. Энэ сарын 15-наас хойш бүртгэх болов уу” гэж мэдээлсэн.
Тус байгууллагынхан мөн байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэх ёстой гэнэ.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган, шинээр барих зэрэг иргэдийн одоогийн амьдарч буй газрыг нь чөлөөлж, бүтээн байгуулалт өрнүүлж буй энэ цагт түр амьдруулах байр шаардлагатай байгаа.
Үүнээс гадна харж хандах үр хүүхэдгүй өндөр настан, байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айлууд, амьдралын гараагаа эхлүүлж буй залуу гэр бүл, орон нутгаас түр хугацаагаар ирж ажиллаж, сурч байгаа залууст ч түрээсийн орон сууц хэрэгтэй.
2014 оны мэдээллээр улсын хэмжээнд 22.900 айл байр түрээслэн амьдарч байжээ. Банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангах иргэдийн тоо цөөрч байгаатай холбоотойгоор түрээслэх сонирхолтой иргэд олширч буй ч одоогийн нөхцөлд түрээсийн үнэ ч хямд биш байгаа юм.
Эхний ээлжинд 30-50 ам метр талбайтай 929 орон сууцыг түрээслэх боломж бүрдүүлээд байгаа билээ. Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлэх иргэний тоог хязгаарлахгүй бөгөөд заасан хугацаанд бүртгүүлсэн хүний тоо орон сууцныхаас илүү гарвал сугалаагаар шийдэх юм байна.
Бүртгэх хугацаа хангалттай, бас түрүүлж бүртгүүлсэн бол илүү боломжтой гэсэн үг биш тул иргэд гадаа хонон өнжин дараалал үүсгэж, хүндрэл учруулахгүй байхыг тус байгууллагаас анхааруулсан юм.
Түрээсийн орон сууцыг иргэд ингэж их хүлээсэн нэг шалтгаан нь төлбөрөө тодорхой хугацаанд хуримтлуулаад, урьдчилгаа бүрдсэн тохиолдолд өмчилж авах боломжтой гэсэн мэдээлэл. Гэтэл энэ бол ташаа мэдээлэл гэж ТОСК-аас анхаарууллаа.
Харин иргэдийн төлөх мөнгийг төрийн тусгай дансанд хуримтлуулах бөгөөд түүгээр төр орон сууц бариад, түрээслэх гэнэ. Үүнээс гадна хувийн компаниудын зарагдахгүй байгаа байраас худалдан авч түрээслэх зэргээр уг хөтөлбөрөө сайжруулахад зарцуулах аж.
ТОСК-ын үүдийг сахиад байсан иргэдийн олонх нь дахиад нэг журам гаргах ёстой тул тодорхойгүй хугацаагаар хүлээх болсонд бухимдаж, “Зохион байгуулалт муутай байна” гэж шүүмжилж байв.
Үүнээс гадна байруудыг өмчлүүлэхгүй болсонд харамсаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлгүй болсон тухайгаа ч илэрхийлж байлаа. Угтаа бол Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж ярьсан нь иргэдэд нөлөөлж, хошуурахад хүргэсэн гэнэ.
Хан-Уул дүүргийн иргэн Д.Ургамал “Өмнө нь ирэхэд гуравдугаар сарын 1-нээс бүртгэнэ гэж хэлсэн учраас өнөөдөр (өчигдөр) ирсэн юм. Манайх хоёр хүүгийнхтэйгээ хамт нэг хашаанд амьдардаг байсан. Дахин төлөвлөлтөд хамрагдаж, өдгөө амьдрах газар хэрэгтэй байна. Ер нь өмнө гаргасан журам нь тодорхойгүй байсан.
Тиймээс ТОСК-аас гаргах журам шалгуурыг тодорхой болгох болов уу гэж харж байгаа. Уг нь бид энэ орон сууцыг түрээслэх таван жилийн хугацаандаа өмчлөх боломж бүрдүүлж, төлбөрийг нь төлөөд цаашид үр хүүхдэдээ өвлүүлнэ гэж ойлгож байсан. Гэтэл үгүй бололтой. Юутай ч нэмэлт журам гарахыг хүлээе” гэлээ.
Ч.МӨНХЗУЛ
