МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо гэх байгууллагынхан өнгөрсөн баасан гаригт АТГ-ын үүдэнд жагсаал цуглаан хийж тус газрынхныг “Эрх баригчдын захиалгаар ажилладаг” хэмээн буруутгав.
Монгол төрийн бүхий л сэнтийд заларч асан, эцэс сүүлдээ Шадар сайдын суудалд суухаар зорьж яваа МАХН-ын дарга Н.Энхбаярын хүслийг хазаарласных нь төлөө АТГ-ын үйл ажиллагааг муухай харагдуулах гэсэн хэсэг хүний төлөө хэдэн залуу ийнхүү жагсжээ.
“Ганц манай намыг, манай намын даргыг л оролдоод байна” хэмээсэн тэдний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснийх нь төлөө буруутгах гэсэнгүй. Харин хэрэгтний ширээнд сууж, цаашид өсөх дэвжих карьертаа хар толбо үлдээх вий хэмээн сануулах гэсэн юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлээд, хуульд харшлах, эсэхийг нь ЗГХЭГ хууль хяналтын байгууллагуудаас лавласан. Үүнд нь АТГ-ынхан ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй, мөн эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа, өмнөх хэргийнх нь ялтай байдал ирэх оны наймдугаар сард дуусна гэдгийг ЗГХЭГ-т мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухайд дүү Н.Энхтуяа нартай холбоотой үйлдэл нь шийдэгдээгүй түдгэлзүүлсэн байгаа.
Үүнээс гадна цагдаагийн байгууллагад шалгаж байгаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буй хэрэгт нэгтгүүлэхээр шилжүүлсэн намын байраа залилан авсан гэх үйлдлийг мөрдөж дуусаагүй хэвээр. Цагдаагийнхан байцаалт авахаар дуудахад нь ирэхгүй байсаар. АНУ-ын иргэн А.Гинсбург хохирсон хэмээн гомдоллосоор буй гэсэн.
Эдгээр үйлдэл дээр нь нэмээд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын захидалд дурдагдсан мэдээллийг бас АТГ-ынхнаар шалгуулахаар прокурор шийдвэрлэсэн. Үүнийх нь дагуу шалгаж байхад МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар “Би Г.Шийлэгдамбаас мөнгийг нь авсан” гэж мэдүүлээд байгаа.
Харин Г.Шийлэгдамба “Н.Энхбаярт өөрт нь, өрөөнд нь өгсөн” гэсэн. Энэ мэт учир нь олдоогүй байгаа нөхцөл байдлыг тогтоохын тулд АТГ-ынхан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраас заавал тайлбар мэдүүлэг авах шаардлагатай нь ойлгомжтой. Гэтэл экс Ерөнхийлөгч очихгүй цааргалсаар байгааг олон эх сурвалж хэлж байна.
МАХН-ын залуусын шаардлагын хариуд АТГ-аас хариу өгсөн. Үүндээ “АТГ-ын албан хаагчдын үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдаж явагддаг.
Хэн нэгэн хувь хүн, аль нэг намыг улс төрийн захиалгаар дарамтлах, хэлмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэггүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлсээр ирсэн.
Хэрэв та бүхний хувьд тодорхой байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол зохих байгууллагад хандан асуудлыг шийдвэрлүүлэх нь нээлттэй” гэсэн байна.
Г.РАВЖАА