25 орчим настай хоёр залуу Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүлээн авах тасгийн үүдэнд найзыгаа хүлээх зууртаа “Үнэр, дуу чимээ нь нэг л эвгүй байгаа биз. Хамаг бие арзайчихлаа” хэмээн ярив. Гэмтсэн хүмүүст үйлчилдэг улсдаа ганц эмнэлгийн нөхцөл байдлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт сурвалжиллаа.
Биднийг тус төвд очоод удаагүй байхад буюу 16.00 цагийн үед түргэн тусламжийн машинаар нэг хүн ирсэн юм. Тэрбээр алс баруун хязгаарын Ховд нутгаас хүргүүлэн ирж буй нь энэ бөгөөд гуяндаа буудуулж, цус алдсан тул ухаан санаа нь орж, гарч байв. Эмч, сувилагч нар түүнийг дамнуурга дээр хэвтүүлэн, Эрчимт эмчилгээний тасаг руу авч явлаа.
Хохирогч А Ховд аймгийн Ховд сумын харьяат, 35 настай залуу. Тус суманд оршин суух И.А гэдэг хүн архи уун агсам тавьж, “ТОЗ-8” маркийн буугаар түүнийг буудаж танхайрсан гэнэ. Энэ хэргийг одоо Ховд аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Тус төвд энэ өдөр үүрэг гүйцэтгэх ээлжтэй байсан цагдаагийн алба хаагч бол Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Шуурхай удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Г.Очиржав. Тэрбээр “Энэ төвөөр өдөрт дунджаар 250 гаруй хүн үйлчлүүлдэг.
Сар, улирлын онцлогоос шалтгаалаад ажлын ачаалал бага зэрэг өөрчлөгддөг. Гэмтлийн төрөл ч өөрчлөгдөнө. Өвөл нь гудамжинд “тасарч” унасан хүн осгоно, хальтирч унаад хөл, гараа гэмтээнэ. Зам тээврийн осолд орсон хүн ирэх нь элбэг. Зуны улиралд ачаалал эрс нэмэгддэг. Мөн баяр ёслолын үеэр согтуу байхдаа осолд орох, гэмт хэргийн хохирогч болох нь бий.

Өнгөрсөн шинэ жилийн баяраар ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн үүдэнд гоё даашинзтай, цусаа гоожуулсан согтуу эмэгтэй олон байсан. Тус төвийнхний хүндрэлтэй асуудлуудын нэг нь халаасны хулгай. Ихэвчлэн даваа, лхагва гаригт хулгайч нар идэвхждэг.
Тэд өвчтөн сахиж байгаа хүн шиг гэрийн шаахай, биеийн тамирын хувцас өмсөөд тасгуудаар явж, орон нутгийн иргэд болон яарч сандарсан хүмүүсийн халаасыг хоосолдог. Хулгайч хэдийнэ гараад явсны дараа иргэд бидэнд мэдэгддэг.
Энэ тохиолдолд хяналтын камер шүүгээд ч үр дүнд хүрэх нь цөөн. Учир нь эмнэлгийн барилга доторх хяналтын камер 1990-ээд оны эд. Бичлэг нь бүдэг, дүрсийг татаж харж болдоггүй. Бид холбогдох байгууллагад нь энэ байдлыг учирлан, байнга л албан бичиг илгээдэг. Ирэх сонгуулиас өмнө шийднэ гэж найдаж байна” гэж ярилаа.
Мөн түүний хэлснээр энэ төвд шийдэж болдоггүй нэг зовлон бий. Энэ нь өвгөнтийн гэж нэрлэгддэг хүмүүс эмнэлгийн хонгил, бие засах газарт хоног төөрүүлэх явдал. Тэдний дунд дархлагдсан хэдэн нөхөр байдаг аж. Тэдний нэг нь гурван хүн суух сандал дээр тэрийгээд унтаж байхтай таарав.
Түүнийг Д гэдэг. Зам, тээврийн осолд ороод тархиндаа хүнд гэмтэл авч сэтгэцийн өөрчлөлттэй болсон түүнийг наашаа гэх ар гэрийнхэн үгүй. Тийм хүнийг өвлийн хүйтэнд гаргаад явуулж болдоггүй гэнэ. Өвчин нь хөдөлсөн үедээ эмнэлгийн ажилтнуудад агсам тавьж, үйлчлүүлэгч нарыг айлгаж ичээдэг байна.
Энэ үед нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д хүргэж өгдөг ч, хүлээж авах нь өдрийн од шиг гэнэ. Учир нь СЭМҮТ хяналтдаа байдаг өвчтөнөө зургаан сард нэг удаа хүлээн авч, эмчилгээ хийдэг аж. Гэтэл нөгөө хүн нь СЭМҮТ-өөр үйлчлүүлээд удаагүй байгаа тул дахин хийх эмчилгээ байхгүй гээд хүлээж авдаггүй гэх.
Ингээд ГССҮТ-ийн эмч, сувилагч, асрагч болон цагдаагийн байгууллагын ажилтнууд өвчтөнүүдийнхээ хажуугаар өвгөнтийнхнийг халамжлах давхар үүрэг хүлээдэг болж.
Буудуулсан эрээс хойш хальтирч унаад гараа хугалсан, зөөлөн эдийн гэмтэлтэй гэх зэргээр хүнд, хөнгөн бэртэл авсан хүмүүс тасарсангүй. Биднийг сурвалжилга хийсэн энэ өдөр гадаа дулаахан, амралтын өдөр эхэлж байсан тул иргэд байгууллага, хамт олноороо болон гэр бүлээрээ агаар салхинд гарч, цасны баяр хийж буй тохиолдол олон байв.
Согтуу Д гурван хүний
суудал эзлэн нойрсож буй нь
Цасны хувцастай, 30 гаруй насны эмэгтэй уйлж, орилсоор орж ирлээ. Тэрбээр ажлын газрын хамт олонтойгоо цасны баяр тэмдэглэж яваад чарганаас унажээ. Түүний нүүр танигдахааргүй болтол гэмтэж, хавдсан байв. ГССҮТ-өөр үйлчлүүлж буй хүмүүс олон ааш авир гаргадаг аж. Тэдний дундаас нэгийг онцлохгүй өнгөрч болохгүй нь. 60 гаруй настай нэг эмэгтэй баруун мөрөө мултлаад иржээ.
Эмнэлэгт орж ирэхээсээ эхлээд л зөрсөн хүн бүрийг хараан загнаж байв. Хүлээн авах тасгийн эмч түүний мултарсан мөрийг оруулах гэж 20 гаруй минут ноцолдлоо. Эмч түүнд ямар нэг зохисгүй авир гаргаагүй. “За эгч ээ, одоо жаахан тэсчих. Огт өвдөхгүй байна гэж байхгүй шүү дээ” хэмээн учирлаж байв. Ингээд баруун гарыг нь татаад, мушгиад, түлхэж байв (мултарсан мөрийг ингэж оруулдаг аж).
Энэ үйлдлүүдээ уг нь их л аяархан хийж байгаа харагдсан. Гэвч эмэгтэй “Малаа, чи чадахгүй байна. Ёооё л доо. Хүн аллаа” гэж хашгичиж байлаа. Үүнээс болоод тасгийн үүдэнд дугаарлаж байсан хүмүүсийн зүрх үхээд, эмч рүү орохоосоо халширч, хүүхдүүд уйлж эхлэв. Өнөөх эмэгтэй эмчийг өөртөө ойртуулахгүй болохоор нь эмч түүнд “Та гараад тайвширч байгаад ороод ир” гээд гаргав.
Тэрбээр өрөөнөөс гармагцаа хэн нэгэн рүү утас цохиж “Энэ хүлээн авахын эмч чинь мултарсан мөрийг чинь (уг нь өөрийнх нь мөр мултарсан) оруулж чадахгүй байна” гэж хонгилоор нэг хашгирч, тэнд байсан хүмүүсийг хэсэг тавгүйтүүлэв.
Тэгснээ дугаарласан хүмүүсийн дундуур “Алив холд” гэж чихэж ороод нөгөө эмчийг элдвээр хараачихаад гарлаа. Бас болоогүй, гарахдаа үүдэнд зогсож байсан хүмүүст “Наадахдаа битгий итгээрэй. Юу ч чаддаггүй амьтан шүү” гэж хэлэв. Энэ мэт элдэв ааш араншинтай хүн энд бишгүй таарлаа.
Өндрөөс унаад хоёр хөлийнхөө өсгийг бяцалсан нэг залуу хөлөө шохойдуулчихаад найздаа үүрүүлэн гарахдаа баярласан талархсанаа дахин дахин хэлэв. ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн ээлжийн ахлагч Ц.Мөнх-Очир “Манай Хүлээн авах тасаг нэг өдөр таван эмч, таван сувилагч, дөрвөн асрагчтай ажилладаг.
Мэдээж баяр, амралтын үеэр ачаалал эрс нэмэгддэг. Ялангуяа орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтсэн иргэд ирэх нь элбэг. Мөн бага насны хүүхэд халуун тогоонд унаж гэмтэх нь цөөрөхгүй байна. Сүүлийн үед үйлдвэрлэлийн болон ажлын байрны осолд орсон хүн ирэх нь олширсон.
Удахгүй дулаарахаар барилгын ажил эхэлнэ. Энэ үеэр өндрөөс унах эрсдэл нэмэгддэг. Гэмтэл бол хүний болгоомжгүй байдал, ажлын зохион байгуулалтаас шууд хамаардаг. Гэмтлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Иймээс анхаарал болгоомжтой байж чадвал гэмтэхгүй, эд эрхтэнээсээ салахгүй, цаашлаад амиа алдахгүй гэдгийг иргэддээ хэлмээр байна” гэв.
Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 60-70 хувь нь архидан согтуурснаас үүдэн гэмтдэг талаар эмч нар ярьж байв. Согтуудаа маргалдаж, нударга зөрүүлэн, нэгнийгээ гэмтээх нь хэвийн үзэгдэл болсон аж.
Энэ өдөр 18.00 цагийн үед тус эмнэлгээс нэг өвчтөн оргожээ. Тэрбээр тодорхой оршин суух хаяггүй, ажилгүй, харж хандах гэр бүлгүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд онош нь тодорхойгүй ирж хэвтээд 21-нд тархины хагалгаанд орсон гэнэ.
Ингээд эмчлүүлж байгаад 26-нд оргожээ. Оёдлоо ч авахуулаагүй байхдаа ийнхүү алга болсон нь гайхмаар. Зарим хүн “Архиа уух гээд тэсэлгүй гараа биз” гэх. Эмчилж байсан эмчдээ баяртай ч гэлгүй оргож босоод явах тохиолдол нэлээд гардгийг сонсоод гайхсанаа нуух юун.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн сувилагч “Хэдэн сарын өмнө Ховд аймгаас 80 хувийн түлэгдэлттэй маш хүнд хүүхэд ирсэн. Хүү энд эмчлүүлж байхад ар гэрийнхэн нь бөөд үзүүлсэн гэнэ лээ. Гэтэл нөгөө бөө нь “Хүүхдээ аваад ир. Би аргалаад өгье” гээд эцэг эхийнх нь толгойг эргүүлчихэж.
Хүүхдийн ээж энэ тухай эмчдээ хэлэхэд нь “Хүүхдийн аппаратыг салгавал удаан тэсэхгүй” гэж хэлсэн. Гэтэл ээж нь хүүхдээ аппаратнаас салгаж, эргэлтийн цонхоор нөхөртөө өгчихөөд гараад явчихсан.
Харамсалтай нь, эмнэлгээс гараад төв зам руу ч орж амжилгүй хүүхэд нь амьсгал хураасан. Одоо эцэг эхэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Ер нь манай иргэд ингэж хэт туйлширч, өөрийгөө болон үр хүүхдээ эрсдэлд оруулах тохиолдол гардаг” гэв.
ГССҮТ-ийнхний нэг үдшийн ажил ийнхүү үргэлжилж байв. Энэ өдөр машинд мөргүүлсэн 25 настай эмэгтэй, хоёр хөлийнхөө өсгийг халуун усанд түлсэн нэг ойтой хүү, хальтирч унаад гараа хугалсан охин, ахуйн ослоор хэвлийдээ шархадсан 50-тай эрэгтэй, хөмсгөө сэтэлсэн бүсгүй гээд тусламж хүсэгчдийн хөл татраагүй.
Эмнэлгийн Хүлээн авах тасгаар ороход хонгил нь хоёр тийш салдаг юм байна. Нэг нь битүү гэмтэлтэй өвчтөн хүлээн авдаг хэсэг рүү хөтөлдөг бол нөгөө нь ил шархтай хүмүүст үйлчилдэг тасаг руу аваачдаг аж.
Гэвч үүдээр нь ороход энэ хоёр үйлчилгээгээ салгаж заагаагүй тул иргэд будилж, ил шархтай нь Битүү гэмтлийн тасгийн үүдэнд дугаарлан суугаад цаг алдаж байгаа харагдсан. Иймээс эмнэлгийн удирдлагууд энэ тал дээр анхаарвал хэн хэндээ түвэг учруулахгүй шүү дээ.
Х.АЗЖАРГАЛ