Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнууд өнөөдөр 80 жилийнхээ “төрсөн өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ. Учир нь Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй аж.
Тодруулбал, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн албан хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 оноос, цагдаагийн албан хаагчид 1950 оноос, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 1971 оноос тус тус олгож эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү эрхэм цолоор энгэрээ мялаасан 3300 гаруй хурандаа байдаг байна. Тиймдээ ч хурандаа цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор Монгол Улсад “Хурандаа” цол бий болсон энэ өдрийг “Монгол Хурандаа”-гийн өдөр болгохоор Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ. Мөн түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан олон зуун хурандааг эгнээндээ нэгтгэсэн “Монгол хурандаа” нийгэмлэгээс хүндэтгэлийн арга хэмжээ болоод үе үеийн хурандаа нарын түүхэн үйл ажиллагааг харуулсан фото зургийн үзэсгэлэнг нээсэн аж.
Тус үзэсгэлэнд нийт 63 самбарт 300 гаруй түүхэн зургуудыг дэлгэсэн. Энд анхны Баатар хурандаа Ч.Гонгор, Л.Дандараас эхлээд Монголын хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, сансрын нисгэгч Ганзориг, гавьяат цолтнууд, эрдэмтэн профессорууд, мөн үе үеийн хүчний, мөрдөст байгууллагуудын хурандаа нарыг гэрэл зурагт буулган тавьсан байна.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Өнөөдөр монгол цэрэг, дайчид дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваад бахархахгүй байхын аргагүй. Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм хурандаа нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол цэргийн алдар үеийн үед бадарч байх болтугай” хэмээлээ.