Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Тодруулбал, Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол Улсын Үндэсний номын сан 95 жилийн тэртээ байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа эхлэн түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж 2016 онтой золгожээ.

Иймд тус номын сангийн 95 жилийн ойн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн нээж, жилийн турш түүхт ойг угтсан ажлуудыг зохион байгуулах юм байна. Харин үүнийг нээж хамгийн эхэнд МУҮНС-гийн үйл ажиллагааг танилцуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэ үеэр захирал А.Нансалмаа 95 жилийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлуудыг танилцуулж, түүхэн гэрэл зургуудыг олны өмнө ил болголоо.