Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид агаарын бохирдлын байдлыг сайжруулах арга хэмжээний хүрээнд энэ жил 200 мянга орчим автомашиныг хотын замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоор болсон байна. Энэ талаар тус улсын олон улсын радио эрх баригчдын мэдээллээс иш татан уламжилжээ.
Энэ тухай Бээжин хотын Хүрээлэн буй орчныг хамгаалах товчооны орлогч дарга Фан Линий хэлснээр, эрх баригчид барилгын хог хаягдал зөөвөрлөдөг дизель хөдөлгүүртэй автомашинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглох гэнэ.

Үүнээс гадна, хотын зүүн болон баруун дүүргүүдэд нүүрс тээвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавьсан хоригийг чангатгахаар төлөвлөж байгаагаас гадна Бээжин хотын зэргэлдээ оршдог хүн амын 400 сууринд хийн хэрэглээ нэвтрүүлэх юм.
Бээжингийн эрх баригчид 2016 онд агаар дахь "PM 2.5" хортой тоосонцрын агууламжийг 5 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлсэн билээ. Хятадын нийслэл хотын эрх баригчид мөн энэ онд агаарын чанарт хяналт тавьдаг станцын тоог одоо байгаа 35-аас 60 болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Агаарын бохирдолтой тэмцэхэд Бээжингийн эрх баригчид энэ жил нийт 16.5 тэрбум юань (2.5 тэрбум орчим доллар) зарцуулахаар төлөвлөсөн байна.