Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сан (WWF)-ийн тайланд дэлхийн хүн ам одоогийн хоол хүнсний сонголт, хүнсний үйлдвэрлэлийн аргаа өөрчлөхгүй бол 2050 он гэхэд хүн төрөлхтөн хоол хүнсний хурц хомсдолд орж болзошгүй байгаа тухай дурджээ.
Мөн "Metabolic" компаниас хийсэн "Дэлхийн хүнсний тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ"-ий тайланд “Хөдөө аж ахуйн хэрэгцээнд ургамал ногоо ургах боломжтой газрын 50 хувийг өдгөө хэдийн ашиглаж байна. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчинд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг бөгөөд ихэнх тохиолдолд хүрээлэн буй орчныг хувирган өөрчилдөг” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж байгаа нийт хүлэмжийн хийн 25-30 хувь нь хоол хүнс үйлдвэрлэхэд ялгардаг болохыг тайланд тэмдэглэжээ. Үүний зэрэгцээгээр хүн төрөлхтний хэрэглэж буй усны нөөцийн 69 хувийг зөвхөн хөдөө аж ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа бол манай гэрийн бүх усны нөөцийн ердөө 3 хувийг цэнгэг ус эзэлдэг билээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр /FAO/, өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний 31 хувийг зүгээр л хаяж байна. Хүн идэж болох хүнсний хаягдал жилд 1.3 тэрбум тонноор хэмжигддэг. Тэгвэл дэлхий дээр хоол тэжээлийн дутагдалтай 795 сая хүн байгаа бөгөөд зүгээр л хаяж байгаа хоол хүнсний ердөө 25 хувь нь энэ бүх хүнийг тэжээхэд хүрэлцэнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.