Төвдийн их гэгээнтэн Дандар Лхарамба Ринбүүчигийн гарын шавь Гэвш лам Дэнгэлад зориулсан нэгэн сайхан дуу зохиогдсон байна. Гэвш лам Дэнгэла Монгол Улсад анх 1993 онд багшийнхаа хамт ирж байсан гэдэг. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин ирж манай улсын ард түмэнд буяны үрээ түгээсээр өнөөдрийн хүрч буй юм.
Тэрээр жил бүр улсын асрамжийн төв болон өнчин ядуу хүүхүүдэд буян үйлдэж, тусламж өгдөг бөгөөд мөн хөдөө орон нутгаар явж олон мянган иргэдэд буянаа түгээдэг жамтай. Тэрээр Монгол төдийгүй дэлхийн бусад олон оронд очиж буян номоо хурдаг бөгөөд өдгөө түүний шавь нарын тоо хэдэн мянгаар тоологдоход хүрсэн байна. Ийнхүү түүний шавь нар нь багшийнхаа ач буян, энэрэнгүй сайхан сэтгэлийг дуунд мөнхөлжээ. Дууны үгийг түүний шавь Н.Болормаа зохиож МУГЖ Н.Чулуунхүү өөрийн шавь нарын хамт дуулжээ. Тус дууг удахгүй клипжүүлэх бөгөөд клипийг Херо интертайнмент хийх юм байна.
Сэтгэлийн дуудлага
Бурхадын орноос ивээсэн багшийгаа зүрхэндээ тээж
Буяны сэтгэл өвөрлөн Монгол орныг зорьсон
Зул барин мөргөсөн одон шавь нарынхаа
Зулайд нь мутраа хүргэж адис жанлав хүртээсэн
Багш минь та бурханы өгөөмөр адистат билээ
Багш минь та авралыг хүртээсэн ачтан билээ
Балбын сүрлэг уулсынхаа дунд төрж өсөөд
Бурханы номд суралцсан гэвш ламтан та
Итгэл өвөрлөж ирсэн сүсэгтэн зон олныгоо
Ивээлдээ багтаагаад ашдын жаргалыг бэлэглэсэн
Багш минь та бурханы өгөөмөр адистат билээ
Багш минь та авралыг хүртээсэн ачтан билээ
Илчит нарны доор буян заяаг минь тэгшитгэгч
Элбэрэлт багш таны минь өлмий бат оршиг ээ
Дээдийн шүтээн бурхадын авралд биднийг багтаасан
Дэнгэла багш тандаа сэтгэлийн зулаа өргөе өө
Багш минь та бурханы өгөөмөр адистат билээ
Багш минь та авралыг хүртээсэн ачтан билээ