Урьд шөнө буюу гуравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө "Нарантуул" худалдааны төвд гал гарсан билээ. Гал гарсан талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаарт 03.39 минутанд өгсөн байна. Гал тус худалдааны төвийн бөс барааны худалдааны хэсэг, саравчтай задгай лангуунаас гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр гал нийтдээ 2500 орчим метр талбайг хамарсан байна. Харин тус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг аж.
Галын голомтод ОБЕГ-ын найман ангийн 100 орчим албан хаагч шуурхай ажилласны дүнд 04.50 цагт галын тархалтыг зогсоож, 07 цагийн орчимд галыг бүрэн унтраажээ. Галыг унтраах явцад тус хэсгийн төмөр дээвэр нурж, хугацаа их алдсан байна. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Б.Эрдэнэбаатарын хэлснээр нэг гал сөнөөгчийн хамгаалалтын дуулга малгай хавтгай болтлоо шатсан байсан аж. Мөн шаталтын хурд өндөртэй маш их цоонолттой гал байсан бөгөөд дээврийн болон хажуугийн төмөр доошоо цөмрөөд орчихсон байсан.
Одоогийн байдлаар цагдаагийн 75 албан хаагч Нарантуул захыг хамгаалалтад аваад байгаа бөгөөд ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа учир нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгааг хэлсэн юм.
Гал гарах бүрт түрээслэгчдийн үнийг нэмдэг
Биднийг Нарантуул худалдааны төв дээр очиход аль хэдийн цагдаагийн хамгаалалтад авсан байсан бөгөөд сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй юм. Энэ үеэр “Нарантуул” захын түрээслэгчидтэй уулзаж ярилцлаа.
Түрээслэгч 1: Бараг цахилгаангүй газар 4 цаг гал гарна гэж байхгүй
Нарантуул худалдааны төвд урьд хоёр ч удаа гал гарч байсан. Ингэх бүрдээ түрээслэгчдийн үнийг нэг дахин нэмж, хохирлоо барагдуулдаг. Өнгөрсөн онд гарсан галын дараа 40 мянган төгрөгийн түрээсийг 80 мянга болгон нэмэгдүүлсэн. Тэгээд тэр мөнгөөрөө шатсан барилгаа засаж янзалдаг. Нарантуул захын түрээслэгчдийн 90 орчим хувь нь бүгд банкны зээлтэй. Хэдийгээр даатгалтай ч гал, ус, байгалийн гамшигт үзэгдэлд хамаарахгүй гэсэн нөхцөлтэй. Гэтэл бид даатгалд сар бүр дунджаар 10-20 мянган төгрөг төлдөг. Угаасаа зохион байгуулалттайгаар гал гаргасан гэж бодож байна. Биднийг маш их хөөж туудаг байсан. Бараг цахилгаангүй газар 4 цаг гал гарна гэж байхгүй.
Түрээслэгч 2: Би 100 гаруй сая төгрөгийн бараатай байсан
Ердөө хоёрхон хоногийн өмнө бид түрээсээ өгчихсөн байсан. Би дөрвөн лангуутай. Нийтдээ бараг 100 гаруй сая төгрөгийн бараа байсан. Одоо тэр бүгдийг яах болж байнаа. Тэргээ өглөө оруулаад, орой нь гаргаж авч яв гэж хэлдэг ч бидэнд тээш, чингэлэг байхгүй. Тэгээд орхиод явахаар өөр аргагүй.
Түрээслэгч 3: Миний хохирлын хэмжээ 200 гаруй сая төгрөгөөр хэмжигдэнэ
Цахилгааны утас бол маш өндөрт байдаг. Тэндээс гал гарах боломж бараг байхгүй. 2-3 хоногийн өмнөөс бараагаа агуулахад хий, авч яв гэж хэлдэг ч өдөр бүр тэгэх боломжгүй. Тэнд зогсож байгаа хүмүүсийн ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг учраас тийм хүнд бөс барааг даахгүй шүү дээ. Ганц, хоёр удаа ч биш удаа дараа ийм хэрэг болж байгаа нь тохиолдлын хэрэг яавч биш. Нарантуулын эзэд гэх нэртэй хүмүүс биднийг хөөхөө л мэднэ. Тэгсэн хэрнээ хариуцлага хүлээлгэх гэхээр эзэн нь олддоггүй. Бид өчнөөн сая төгрөгийн бараагаа алдчихлаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Би зургаан метр газарт зогсдог байсан. Миний хохирлын хэмжээ 200 гаруй сая төгрөгөөр хэмжигдэнэ.
Дашрамд сануулахад, 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн 2015 оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатаж байсан билээ.