Монгол Улсын нийт хүн амын гурван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Гуравхан сая хүнтэй улсад 99.5 мянган хүн ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг сэтгэл эмзэглэм тоон үзүүлэлт. Гэхдээ тэд хэн нэгнээр өрөвдүүлээд зүгээр суух бус, боломжийнхоо хэрээр ажил хөдөлмөр эрхэлж, санхүүгийн хэрэгцээгээ өөрсдөө хангахыг хамгаас илүү хүсдэг юм билээ. Ийм эрх ч тэдэнд бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэхүү эрхийг бодитоор хангахын тулд салбарын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлдэг.
Тэгвэл энэхүү хөтөлбөр зорилтот бүлэгтээ үнэхээр хүрч чадаж буй, эсэх, хэрэгжилт, үр дүн нь ямархуу байгаа талаар санал, зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх үүрэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл өчигдөр анхны хурлаа хийв.
Ийм зөвлөл урьд нь байсан боловч ажлаа хангалттай сайн хийж чадаагүй гэж үзээд, Хөдөлмөрийн сайд гуравдугаар сарын 1-ний А/50 тоот тушаалаар дахин шинэчлэн байгуулсан юм.
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан тус зөвлөл өчигдрийн хурлаараа УИХ-аар саяхан батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсож, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэн тогтов. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж гурван тэрбум төгрөг төсөвлөжээ.
Л.АРГАМЖИН