Одоогоос хоёр жил гаруйхны өмнө дөө, Батлан хамгаалах яаманд өндөр албан тушаал хашдаг хэд хэдэн хурандааг АТГ-ынхан сүр дуулиантайхан баривчилж, цагдан хорьж байв.
БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан “Молекул” гэх Б.Батбаярын хүү, “ХөМоТэ” компанийн захирал Б.Баттулга тэргүүтэй хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж завшсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байхдаа “Маш нууц” гэсэн ангилалд оруулан тамгалсан байсан. Төрийн мөнгийг идэж уусан хүмүүсийн хэргийг юуны учир нууцлав хэмээн хардах Зэвсэгт хүчний жирийн алба хаагч, офицер, ахлагч нар олон байв. Уг хэргийг хэрхэн шийдэхийг ч хүлээсэн хүмүүс олон.
Хүлээх нь ч аргагүй. Өөрсдийнх нь хөлс хүчээ урсган, амь нас эрүүл мэндээ золин байж оруулсан мөнгийг нь үрэн таран хийсэн хүмүүсээр хохирлыг нь төлүүлээсэй гэж ийн хүлээсэн байх. Харамсалтай нь хүссэн нь биелсэнгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн сан гэж бий. БХЯ ерөнхийдөө хариуцдаг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар байгуулагдсан энэ санд энхийг сахиулах ажиллагаанд ашиглаж буй Монголын цэрэг, техникийн нөхөн төлбөрт НҮБ, НАТО зэрэг байгууллагаас орж ирэх мөнгө байршдаг.
Үүний 70 хувийг нь энхийг сахиулагчид, үлдсэн хувийг нь Засгийн газрын нэрээр БХЯ авдаг гэх. Ингэж орж ирсэн мөнгөний 10.3 тэрбумаар Зэвсэгт хүчинд алба хаадаг 300 айлыг орон сууцтай болгохоор ажлыг нь эхлүүлсэн.
Хот хөдөөгийн цэргийн ангиудад ажиллаад, насны бөгсөнд өөрийн гэсэн амьдрах байргүй үлддэг олон офицер, ахлагч энэ ажилд нь баярлан орон сууцны захиалга өгсөн ч ашиглалтад оролгүй олон жил болсныг зарим уншигч санаж буй биз ээ.
Монгол Цэргийн музейн зүүн талд барьж буй арван давхар орон сууцны дөрвөн барилгыг 2011 онд барьж эхэлсэн ч өнгөрсөн өвөл л арай гэж дуусган ашиглалтад оруулаад байгаа.
Уг барилгыг барих тендерт ялсан “ХөМоТэ” компанийнхан тухайн үед санхүүжилтээ БХЯ-наас бүгдийг нь авсан хэрнээ ашиглалтад оруулаагүй олон жил болсон.
Гэтэл түүнээс хойш барьж эхэлсэн, цэргийн алба хаагчдад зориулан Зэвсэгт хүчний 084, 089 дүгээр ангийн хашаанд барьсан барилгууд аль хэдийнэ ашиглалтад орж, оршин суугчид нь тохижоод хэдэн жилийг үдээд байхад ашиглалтад ороогүй хэвээр л байсан.
Энэ хооронд нөгөө 300 айлын орон сууц зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгын тоонд орж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар ус, дулаанаар хангахгүй 80 барилгын жагсаалтад багтсан байдаг. Анхнаасаа зураг төсөв, төслөө гаргахдаа буруу тооцоолсны харгайгаар захиалагч айл бүрээс нэмж таван сая төгрөг татаж, магистрал шугамд хэл амтайхан холбосон билээ.
Нөгөө “ХөМоТэ” ч барилгаа гүйцэд барилгүй таг болж, БХЯ-ны удирдлагууд нэлээд удаан хөөцөлдсөний эцэст Зэвсэгт хүчний харьяа Барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаар дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргүүлэв. 2015 онд багтаан хүлээлгэж өгнө гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд яамныхан ч шахсан байх, барилгын цэргийнхэн ч шахуу ажилласан биз.
Яаруу хийсэн ажил нь чанар муутай болсныг тэнд оршин суугч олон хүн хэлж байгаа. “Офицерууд амьдардаг нэг барилгад нь арай л дээр материал зарцуулсан. Ахлагч нарын амьдардаг үлдсэн гурван блокийн тааз, хаалганы хүрээ, халаагуур (паар) нь мурий, тахир, паркетан шал нь чанар муутай гээд өөлөх зүйл олон.
Орон сууцандаа олон жил амьдарна гэсэн нэг хэсэг нь дахиад л өөрсдөөсөө мөнгө, зардал гаргаж засаж байна. Өөрийн гэсэн байргүй, олон жил хөдөө ажилласан офицер, ахлагч нар хямд үнээр олдож буй болохоор нь л дуугүй сууж байна” гэж нэг оршин суугч тус байраар очиход ярьсан юм.
Оршин суугчид буюу Зэвсэгт хүчинд алба хашиж байсан, одоо ажиллаж байгаа олон офицер, ахлагч ийнхүү хохирч байхад хөрөнгийг нь хувийн компанитай хоршиж зувчуулсан нөгөө хэдэн хурандаа юу ч болоогүй юм шиг наргиж явна. Хурандаа Х.Батсайхан гэхэд “БХЯ-ндаа буцаж ажилд орно” хэмээж байгаа дуулдсан. Түүгээр ч зогсохгүй хувийн компани байгуулсан гэх.
Ер нь ингэхэд тэдэнд холбогдох “Маш нууц” ангилалд багтсан төрийн, төсвийн хөрөнгийг завшсан хэрэг хаана яваа бол гэдгийг бид хууль хяналтын байгууллагынханаас лавлалаа.
АТГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан гэнэ. Прокурорын байгууллагын эх сурвалж “БХЯ-ны хурандаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн” гэдгийг баталлаа.
Хуулийн ямар үндэслэлд тулгуурлан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулан завшсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэлэх хүн олдсонгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд нь албан тушаалын хэрэг хамаарахгүй байхаар заасан.
Эд хөрөнгө завшсан үйлдлийг нь өршөөж болохоор заасан ч гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд өршөөлд хамруулахаар заасан. Харин БХЯ-ны эрх бүхий албан тушаалд ажиллаж байсан хурандаа нараас хохирлыг нь нөхөн төлүүлэх талаар тус яамныхан шүүхэд хандаагүй гэдгийг олон эх сурвалж хэлж байна.
Г.РАВЖАА