Элдэв вирус хүн төрөлхтөн рүү дайрч эхэллээ. Эбола хэмээх аймшигт тахал дэлхий нийтийг чичрүүлж, 10 гаруй мянган хүний амь авч одсон нь саяхан. Тэгвэл ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чан 52 улсад (өчигдрийн мэдээгээр) тархаад буй зика вирусийг “Хүн төрөлхтний хамгийн ойлгомжгүй, бат бөх дайсан” хэмээн тунхаглаж, өнгөрсөн сарын 1-нд гишүүн орнууддаа “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” зарлаад буй.
Нярайн тархины хөгжлийг саатуулан жижгэрүүлж, мэдрэлийн эмгэг (Guillain-Barresyndrome) үүсгэдэг эл вирус 1947 онд Угандагийн Энтеббе хотын Зүүн Африкийн вирусийн судалгааны хүрээлэнгийн ойролцоох Зика (ургах гэсэн утгатай) ойд амьдардаг сармагчингаас илэрсэн гэдэг.
Зикаг жирэмсэн эхээс урагт хэрхэн халдаж буйг нарийн судалж чадаагүй байгаа ч шумууланд хазуулснаас, цус, бэлгийн замаар дамжин халдварлаж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна.
Зика вирусийн халдвар 2014 онд Чили, 2015 оны тавдугаар сараас Бразилд дэгдэж, өдгөө Ази, Америкийн улсуудад тархаад байгааг ДЭМБ мэдээлж буй. Тэгэхээр зика саяхнаас гэнэт гарч ирсэн дайсан биш аж. Түймэр мэт тархаж байсан эболагийн дуулианд зика дарагдаад дэлхий нийтийн анхаарлыг төдийлөн татаагүй хэрэг.
Харин одоо “тэр” хүн төрөлхтний үр удмыг хэвлийд нь таслахаар оролдож байна. Жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн халдвар авсан л бол хүүхдийнх нь толгой, тархи хэвийн хэмжээнээс хэд дахин жижиг, гажигтай, оюун ухааны хомсдол, хэл яриа, сонсгол, харааны бэрхшээлтэй төрж, яваандаа нас барж буй нь эрдэмтдийн санааг маш ихээр чилээж байгаа юм.
Бразилд л гэхэд 2015 оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд ийм эмгэгтэй 3718 хүүхэд төржээ. Өдгөө тус улсад зикагийн халдвартай 1.3 сая хүн байх магадлалтай гэж ДЭМБ тооцоолоод байна. Тэгвэл Колумбад 700 мянган хүн уг вирусийн халдвар авсан байж болзошгүй.
Өдгөө жирэмсэн 2000 гаруй эмэгтэйд вирус халдварласныг тогтоогоод байна. Хэрвээ халдвар энэ байдлаар эрчимтэй тархвал 2016 онд 4-5 сая хүн өртөнө хэмээн НҮБ урьдчилан тооцоолж буй аж.
Хаа холын Карибын тэнгисийн орнууд, Өмнөд, Төв Америкт гарсан зика бидэнд ямар хамаатай юм бэ гэж үү. Зика “ирж” явна. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур ОХУ-д зикатай анхны хүн бүртгэгдсэн бол БНХАУ-д гурван ч хүн ийм өвчин тусаад байна.
Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Япон улсад 10-хан настай хүү зикатай болсныг шинжилгээгээр баталгаажууллаа. Бидний сурч, ажиллаж, амьдардаг, ирэн, очин арилжаа наймаа хийдэг урд, хойд хөршид халдвар бүртгэгдсэн нь зүгээр суух цаг бишийг сануулна.
“Дэлхий, хүн төрөлхтнийг харь гаригийн ямар нэгэн амьтан сүйрүүлэхгүй. Хэрвээ мөхдөг юм бол тэр нь вирусээс шалтгаалах болно” гэж хүний түүхэн дэх суут сэтгэгчдийн нэг профессор Стивен Хоукинг энэ оны нэгдүгээр сард лекц уншихдаа хэлсэн юм.
Байгаль дэлхий илүү, эсвэл дутуу нэг ч зүйлгүйгээр анх бүтээгдсэнийг хүмүүс эвдэн сүйтгэсээр өнөөдөр энэ олон вирусийг “галзуурахад” хүргэсэн байж ч мэднэ. Шувуу, гахай, эцэстээ шумуулнаас хүртэл хүнд өвчин халдаж, хөнөөж байна. Нэг ширхэг өт, өвс ч гэсэн байгалийн зүй тогтолтой.
Өөр хоорондоо салшгүй гинжин хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо, орчин тойрны бүрэлдэхүүн хэсгүүдийн экосистем алдагдахаар ийм байдалд хүрдэг гэж эрдэмтэд үзэж байна.
Нөгөөтэйгүүр Уганда дахь вирус судалдаг хүрээлэнгийн дэргэдэх ойгоос зика үүссэн байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татна. Эрдэмтэд туршилт хийж байсан амьтнаа, эсвэл вирусээ алдчихсан байх магадлал өндөр юм.
Гэвч энэ талаар хэн ч ярьсангүй. Зика яагаад үүссэнийг ямар ч тагнуул, цагдаа мөшгөсөнгүй. Үхэшгүй мөнх болгох, хиймэл оюун ухаан бүтээхийн тулд хүмүүс элдэв туршилт хийсээр. Шинжлэх ухааны туршилтуудынхаа хохирогч, эх дэлхийтэйгээ хамт өөрсдийгөө сүйрүүлэх зүйл хийж байгаа юм биш биз, хүн төрөлхтөн.
О.БАТ-УНДРАХ
ТАНИН МЭДЭХҮЙ
ЗИКА ГЭЖ ЮУ ВЭ
Зика вирус плавивирая овгийн плавирусийн төрөлд багтдаг. Биологийн аюултай II түвшний үүсгэгч юм.
Халдваргүйжүүлэх бодисууд, түүний дотор спирт болон иод агуулсан нэгдлүүдэд мэдрэг. Гадаад болон хүчиллэг орчинд тэсвэр муутай. Дулаан болон хэт ягаан туяанд тэсвэргүй.
ХАЛДВАРЛАХ ЗАМ
Вирус тээгч шумууланд хазуулах
Цус, цусан бүтээгдэхүүнээр, жирэмсэн эхээс урагт
Бэлгийн замаар
Шумуулны өндөг, авгалдай үржсэн ус ундандаа хэрэглэх үед халдвар дамжсан байж болзошгүй тул судалж байна.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувьд нь өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч буй.
Шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурч, биеэр тууралт гаран, нүдний салст үрэвсэж, булчин, үе мөч 2-7 хоног өвдөнө.
Гол төлөв жирэмсэн эхчүүд халдвар авсан тохиолдолд амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй хүүхэд төрж, мэдрэлийн эмгэг үүсгэж байна.
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУДАД АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Зорчигч тээврийн буудлын ариун цэврийн нөхцөлд онцгой анхаарч, шавьж устгах арга хэмжээг тогтмол авч байна.
Хүний биеийн дулааны хэмийг алсаас мэдэрч, 37.5 градусаас дээш халуунтай хүн илэрвэл дохиогоо дуугаргадаг термокамерыг тогтмол ажиллуулан, хоёр долоо хоног тутам хянаж, баталгаажуулж байна.
Хилийн нэвтрэх цэгүүдэд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж буй.
Зорчигчдод үзлэг хийх, эрүүл мэндийн байдлыг үнэлэх зориулалтын өрөө гаргасан.
Сэжигтэй хүнд зориулан тусгаарлах өрөө бий болгов.
Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодис, шавьж устгах бодис нөөцөлж байна.
ИНФОГРАФИК

ДЭЛХИЙН ЖИШИГ
Эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хоригложээ
Зика вирус 1947 онд анх Африкийн Уганда улсын Зика гэдэг ойд амьдардаг сармагчингаас илэрч, хүн амын хамгийн эмзэг давхаргыг “онилoн” өвчлүүлж байсан ч дэлхий нийт үүнд анхаарлаа хандуулаагүй. Дөнгөж 2015 онд АНУ-д зикаг хараандаа авч эхэлсэн.
Одоогийн байдлаар зика вирусийн халдвар авсан эхээс төрсөн хүүхдэд гавлын яс жижгэрэх, оюун ухааны хомсдолтой болох эмгэг илэрч байгаа ч яг үнэндээ зикагийн буруугаас болоод энэхүү эмгэг үүсэж байгаа гэх бүрэн баталгаа алга байна.
Ямартай ч вакцин гаргаж автал Эль Сальвадор улс 2018 он, Бразил 2017 он хүртэл, Венесуэл улс эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон. Энэтхэг, Канадын эрдэмтэд вакцин гаргаж авснаа мэдэгдэж, 2016 оны сүүлчээр туршилтын вакцин нийлүүлнэ гэж байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зикагийн эсрэг онц байдалд ажиллахад 56 сая ам.доллар шаардлагатай байгааг мэдэгдсэн. Үүний дараагаар Дэлхийн банк цаашид халдвар тархахаас сэргийлэх зорилгоор 150 сая ам.доллар, Билл Гейтсийн сан шинжлэх ухааны аргаар аюулыг давж гарахаар 50 сая ам.доллар гэх зэргээр хөрөнгө “хаяж” эхэлсэн.
Үнэндээ энэ вирус хүнээс хамааралтай биш, нууцыг нь бүрэн тайлах боломж ойрын хоёр жилдээ байхгүй учраас дэлхий дахин яаж тэмцэх учраа олохгүй, зөвхөн танилцуулах хуудас, сэргийлэх заавар тараах, судалгаа хийхэд л дээрх хөрөнгийг ашиглаж буй юм.
Бразил улс 2016 оны олимпийн наадмаас өмнө зикагийн тархалтыг багасгахаар 200 мянга гаруй цэрэг дайчлан, оршин суугчдад зөвлөгөө бүхий хуудас тарааж, шумуул үржиж болзошгүй шавар шалбаагийг цэвэрлэж байна.
Түүнчлэн зика гарсан улс оронд очсон хүн 28 хоногийн турш цус өгч, сэлбүүлж, эрхтний донор болохыг Их Британи хориглоод байна.
Япон, Хятад зэрэг улс Өмнөд Америкт зорчихгүй байхыг иргэддээ байнга сануулж, халдвар тархсан улсуудаас ирж буй зорчигчдын ачаа тээшинд шумуул үүрлэсэн, эсэхийг шалган, эрүүл мэндийн үзлэгт хамруулах замаар дор бүрнээ зикагаас зайлсхийх арга сүвэгчилсээр байгаа юм.
Мөн одоогоор зөвхөн цусны шинжилгээ авах замаар халдварыг илрүүлж байгаа бөгөөд оношлуур, өвчний шинж тэмдэг илрүүлдэг төхөөрөмж үйлдвэрлэх ажил судалгааны түвшинд байна.
Э.ЭНХЗУЛ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.Нарангэрэл: Зика Монголд зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр
Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэлээс зарим зүйл тодруулав.
-Хойд, урд хөршид зика вирусийн халдвартай хүн бүртгэгдэх боллоо. ЭМСЯ бодлогын хэмжээнд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?
-ДЭМБ-аас зика вирусээс урьдчилан сэргийлэх 30 гаруй зөвлөмж ирүүлснийг орчуулан, эрүүл мэндийн байгууллагуудад тараасан. Мөн зар сурталчилгаа байнга явуулж байна. Бид ДЭМБ-тай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт тавьсан.
Нэгдүгээрт, 1000 хүнд хүрэлцэх оношлуур авах, хоёрдугаарт, шумуулны тандалт судалгаа хийхэд хамтрах, гуравдугаарт, эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах, дөрөвдүгээрт, олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэхэд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэхийг хүссэн. Эхнээсээ ажил цэгцэрч байгаа.
Оношлуур тун удахгүй ирнэ гэсэн мэдээ байна. Уг өвчинтэй тэмцэх сургалт, сурталчилгаа явуулахад 70 гаруй сая төгрөгийн тусламж ДЭМБ-аас хүссэн. Оношлуур ирэнгүүт бид Монголд шумуул хамгийн их тархсан газарт очиж, тандалт судалгаа хийнэ.
-Зика вирус дамжуулагч шумуул Монголд байхгүй гэсэн. Тэгэхээр манайд энэ халдвар өөр замаар дамжин орж ирэх магадлалтай. Энэ талаар судалсан зүйл бий юү?
-Одоогоор манайд бүртгэгдээгүй ч иргэд анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Вирус эхэндээ шумуулаас халдварлаж байсан бол одоо бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжиж байна. Манайд зика тараагч шумуул нь азаар байхгүй. Тиймээс бид ямар замаар энэ өвчин орж ирэх магадлалтайг судалсан.
Хоёр хөршид бүртгэгдсэн зикатай хүмүүс бүгд халдвар тархсан улс оронд аялж, ажлаар явж байхдаа өвчилсөн байсан. Тэгэхээр манайд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй.
Эбола шиг агаар дуслын замаар, хүнээс ялгардаг бүх төрлийн шингэнээс халдахгүй учраас халдвар дэгдэж буй тухайн бүс нутагт очихгүй л бол эрсдэл бага. Гэхдээ цус сэлбүүлэх, бэлгийн харилцаанд орохдоо эрсдэлээс өөрийгөө ямагт хамгаалах нь чухал.
Зика тархаад буй улс орнуудын дунд манайхаас онгоц шууд нисдэггүй, харьцангуй цөөн монгол хүн ажиллаж амьдардаг, огт зорчдоггүй улс ч байна.
-Жирэмсэн эмэгтэй зика тусвал хүүхэд нь гажигтай төрж байгаа. Насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ. Мэдрэлийн эмгэг үүсгэж буй гэж эрдэмтэд ярих боллоо?
-Энэ өвчний шинж тэмдэг энгийн хэлбэрээр илэрч байгаа. ОХУ-д бүртгэгдсэн өвчтөн эдгэрсэн гэсэн мэдээ байна. Толгой өвдөж, халуурахаас гадна биеэр бага зэрэг тууралт гардаг. Хүнд хэлбэрийнх нь мэдрэлийн эмгэг буюу саажилт үүсгэж буй мэдээлэл ч байгаа.
Одоогоор зикаг эмчлэх арга, вакцин гаргаж аваагүй ч өвчтөнд илэрч буй шинж тэмдгийнх нь дагуу эмчилгээ хийж байна. Дээр хэлсэнчлэн, хэдийгээр аюултай ч эбола, МERS, корона вирусийг бодвол ахуйн хавьтлын замаар хүнд халдварлахгүй, бас нас барсан хүн цөөн.
Гэлээ ч бид тайвширч суугаагүй. ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, эрүүл мэндийн бусад байгууллагатай Шуурхай удидлагын төвийнхөө салбар нэгжээр дамжуулан мягмар, баасан гаригт цахимаар хуралдаж, ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллийг солилцож, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлсээр байна.
О.УНДРАХ
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Б.Амгаланбаяр: Манай улсад тархсан шумуулнууд
зикаг халдварлуулах чадваргүй
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгжийн зохицуулагч Б.Амгаланбаяртай зика вирус тээгч шумуулны талаар ярилцлаа.
-Удахгүй зун болж шумуул гарч ирэх гэж байна. Энэ вирусийг тээгч шумуул манай оронд бий юу?
-Дэлхий дээр 40 төрлийн 7000 орчим зүйлийн шумуул бүртгэгдсэн байдаг. Үүнээс манай улсад дөрвөн төрлийн 30 гаруй зүйлийн шумуул бий. Зика вирус нь Aedes төрлийн Aegypti, Aldopictus гэсэн хоёр зүйлээр дамжин халдварлаж байгааг эрдэмтэд баталсан. Шумуулаар дамжин халдварласан нийт тохиолдлын 90 хувийг Aegypti зүйлийн шумуул эзэлж байгаа.
Aedes төрлийн шумуул нь дотроо 700 гаруй зүйлтэй. Үүнээс 19 нь манайд тархсан. Вирус тээж байгаа шумуул нь манай улсад бүртгэгдээгүй. Учир нь дээрх хоёр зүйл нь +33 хэмээс дээш, тогтвортой дулаан нөхцөлд амьдрах чадвартай.
Тэгэхээр Монгол, Орос, Канад болон урд хөршийн хойд хэсгийн сэрүүн бүсийн нутагт шумуулаар дамжин халдварлах эрсдэл бага. Эдгээр улс оронд зика вирус цус, цусан бүтээгдэхүүн, бэлгийн замаар дамжин халдварлах магадлалтай.
Тиймээс манай иргэд дэгдэлт тархсан 52 орон руу зорчих үедээ шумууланд хазуулахаас хамгаалж зориулалтын цацлага, тос зэрэг бодис хэрэглэж, аль болох битүү хувцас өмсөж, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй.
-Вирус тээж байгаа шумуул манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх боломжтой юу?
-Шумуулаар дамжин халдварладаг хумхаа гэж өвчин бий. Энэ өвчнийг халдаадаг шумуул манай улсад зөөвөрлөгдөж ирээд хумхаагаар халдварлуулсан тохиолдол жилд ганц, хоёр удаа бүртгэгдэж байсан. Зикаг тээж буй шумуул орж ирж болно. Гэхдээ халдвар дэгдээд буй Өмнөд Америкийн орнуудаас наашаа тээвэрлэх урт хугацаа болон агаарын нөхцөлөөс шалтгаалаад тархалтын эрсдэл буурна.
Мөн хүмүүс шумуул нүүдэллэх чадвартай юу гэж асууж байсан. Шумуул 400 метр газар л нисэж чаддаг. Чийгтэй, харанхуй, тогтмол хэмтэй орчинд л амьдрах чадвартай. Гэхдээ эр шумуул нь зөвхөн нөхөн үржихүйн үүрэгтэй.
Харин эм нь таатай орчинд байвал хэчнээн ч хугацаагаар амьдарч чадна. Эм шумуул өндгөө хооллохын тулд цус сорж амьдардаг.
-Өөр улсад зикагийн халдвар авсан хүн Монголд ирээд шумууланд хазуулсан тохиолдолд шумуул тэр вирусээр халдварлах уу?
-Үгүй. Шумуул вирусийг тээгч болохоос халдвар авахгүй. Өөрөөр хэлбэл, шумуул өвчлөхгүй. Мөн манай орны шумууланд зика вирусийг үүсгэгч байхгүй тул тээх чадваргүй.
-Шумуултай адил цус сордог хөх түрүү зэрэг нисдэг шавьж энэ вирусийг тээх чадвартай болов уу?
-Тийм боломж байхгүй.
-Тэгвэл энэ вирусээс бэлгэвч хамгаалж чадах уу?
-Чадна.
Х.АЗЖАРГАЛ

