Хэн нэгэнд эд, эрхтэнээ бэлэглэх нь өглөгийн дээд өглөг, буяны дээд буян хэмээдэг. Тэгвэл амьдралынхаа туршид 70-аас олон удаа, 80 орчим литр цусаа бэлэглэсэн хүндэт донор байна. Сайн дурын, авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлыг ойлгуулахаар Эрүүл мэнд, спортын сайд 2015 онд тушаал гаргаж, сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан. Энэ дагуу Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ), Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 70-аас олон удаа цусаа бэлэглэсэн хүндэт гурван донорт “Хүрэл донор” өргөмжлөл хадгалуулж, тэдний гавьяаг олон нийтэд танилцууллаа.
Н.Энхтайван 1987 оноос хойш нийт 85 удаа, Ш.Отгонцэнд 1991 оноос өдий хүртэл 87, Ю.Цэрэнчимэг 2002 оноос хойш 71 удаа цусаа бусдад өгсөн байна. Ш.Отгонцэнд “Манай ээж 1960-аад онд Монголын анхны хүндэт донор болж байлаа. Хүүхдийн больницод насаараа сувилагч хийсэн дээ. Ээжийн минь энэ хүмүүжил үр хүүхдүүд бидэнд өвлөгдсөн хэрэг. Цусаа өгөх нь их олон талын ач холбогдолтой шүү дээ. Хамгийн чухал нь хүний амь аврах, тэгээд өөрийнхөө эрүүл мэндийг байнга хянах боломжтой. Сайн санааны, нигүүлсэнгүй сэтгэлээр энэ олон жил цусаа өгч яваа хүн, ах нь. Анх 1970-аад онд цусны донор болж байлаа. Өнгөрсөн хугацаанд 80 орчим литр цус өгсөн байдаг. 87 удаа өгсөн гэж байгаа нь компьютерт бүртгэдэг болсноос хойших тоо юм” гэж ярив.
ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаагаас зарим зүйл тодруулахад “Эмнэлгүүдийн хэрэгцээ шаардлагаас хамаардаг учраас цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай, бас дутагдалтай байна гэж хэлэхэд хэцүү. Харин ердийн үед хэрэглэх нөөц хангалттай байгаа. Манайх нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн 60 гаруй эмнэлэгтэй бүтээгдэхүүн ханган нийлүүлэх гэрээтэй. Өдгөө донорын бэлэглэсэн цуснаас 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ тоо, төрлийг нэмэгдүүлэхээр шинэ технологиуд нэвтрүүлж байгаа. Тоног төхөөрөмжүүдээ оруулж ирээд эхнээс нь суурилуулж байна. Хамгийн гол нь доноруудаа авч үлдэх, цусаа тогтмол өгөхийг нь дэмжих зорилгоор бид олон ажил зохион байгуулдаг. Хүн амьдралынхаа явцад 70-аас олон удаа цусаа өгнө гэдэг агуу үйл. Ямар нэгэн ашиг хонжоо, тус нэхдэггүй учраас бид доноруудаа алдаршуулж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулан, хүндэт доноруудаа (35-аас олон удаа цусаа өгсөн) улсын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагад дараалалгүй үйлчлүүлэх эрхтэй. Хүний амь аврах, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, иргэнийхээ үүргийг биелүүлнэ гэдэг л хамгийн агуу, гавьяа юм” хэмээв.