Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 2-нд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.
Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов. Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай Сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.