Гуравдугаар сарын 4
- Өнөөдөр бол жилийн 64 дэх өдөр. Он дуусахад 302 хоног үлдсэн байна.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. Мөн түүнчлэн өдөр, шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 25, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2041.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.00, юань 312.50, вон 1.67 төгрөг байна.
- 10.00 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ МҮЭ-ийн байранд болно.
- Дуурь бүжгийн эрдмийн театрт 14.00 цагаас “ГҮН ГЭРИЙН ГҮНЖ” шинэ дуурийн талаар мэдээлэл хийнэ.
- "Хурд" хамтлагийн хэвлэлийн хурал "CASTLE" клубт 12.00 цагаас болно. Хэвлэлийн хурлаар "Нарлаг диваажин" хэмээх шинэ цомгийг танилцуулах бөгөөд 3-р сарын 8-нд тоглогдох "Инээмсэглэ бүсгүйчүүд" шоу тоглолт, "Ханьдаа дуулъя" вип тоглолтуудын мэдээллийг хүргэх юм.
- Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг цэрэг спортын "Дөл" тоглолт ЗХ-ий 013-р анги дээр болно. Тэмцээн 09.00 цагт эхлэх юм.
- 12.30 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрчим хүч, халаалт дулааны системд нэвтрүүлэх дэвшилтэт технологийн “BES” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцана.
- Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана.
- 10.00 цагт МАХН-ын удирдлагуудад "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна. Энэ баримт бичиг нь иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгарч буй олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлж ажиллах иргэдийн "даалгавар" юм.
- 11.40 цагт "Эрдэнэс-Таван толгой" ХК болон "Мон-Атом" ХК, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Үйл ажиллагаа МАОЭНХ-ны байранд болно.
- Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан баялаг түүх намтартай “Хатан ижий” нарыг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ 11.40 цагт ЦДБЭЧ-ын концертын танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь хариуцах, хавдаргүй монгол болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.
- Хууль сахиулахын их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан “Малчдад туслах аян”-ыг зохион байгуулсан. Тус аяны хүрээнд ХСИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, алба нэгжүүдээс эд зүйлсийг цуглуулж Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгт 11.00 цагт хүлээлгэн өгнө.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Конго улсад онгоц осолдож, 6 хүний амийг авч оджээ.
- 1974 онд АНУ-ын “People” амралтын сэтгүүл анхныхаа дугаарыг гаргаж байжээ.