Замын-Үүдийн гаалийн байцаагч нар БНХАУ-аас бараа оруулж ирдэг наймаачдаас хахууль авч, татварыг нь хөнгөлдөг байсан хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн, шалгаж эхэлсэн билээ.
Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат болон байцаагч М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарыг прокурор хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан, төрийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутган, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хүмүүс БНХАУ-аас оруулж ирж буй тавилгад татвар ногдуулахдаа хээл хахууль авч, өгч байгаад цагдаа, тагнуулынханд саатуулагдсан юм.
Г.РАВЖАА