Бүтээлч, санаачилгатай, хөдөлмөрч оюутан, судлаачдад шинэ боломж нээгдсэн нэгэн чухал үйл явдал Мэдээлэл технологийн үндэсний паркт өчигдөр боллоо. Их сургуулиудын багш, судлаач, оюутанд бүтээлч санаа, шинэ технологи туршиж, судалгааныхаа үр дүнг үзэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас Мэдээлэл технологийн үндэсний паркийг Шинжлэх ухааны парк болгон өөрчилжээ.
Уг паркийн нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ы сайд Л.Гантөмөр тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдөр улс төрийн хоёр нам нэгдсэнээс чухал, үр дүнтэй үйл явдал болж байна.
Их сургуулиудын оюутан, судлаач, багш нар нэгдэж, шинийг бүтээх боломж бүрдсэн энэ үйл явдал манай улсын ирээдүйн хөгжилтэй шууд хамаатай. Монголын Оюуны өмчийн газарт 1960-2000 онд 1650 гаруй шинэ бүтээл, технологи бүртгүүлсэн байна. Харин сүүлчийн 15 жилд 2680 гаруйг бүртгүүлжээ.
Үүнээс гадна 2000 оноос хойш 6100 гаруй ашигтай бүтээгдэхүүний загвар бүртгүүлсэн бол 7560 орчим бүтээлд зохиогчийн эрх авсан байна. Энэ бол монголчууд ямар их бүтээлч, оюуны чадавх өндөртэй болохыг харуулж буй” хэмээсэн юм. Харин БСШУ-ы сайд Л.Гантөмөр нэгэн таатай мэдээ дуулгасан нь “Бүтээлч оюутан” төсөл юм.
Оновчтой санаа дэвшүүлсэн оюутны төсөлд гурван сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг олгох бол магистрантурт тав, докторантын бүтээлийг арван сая төгрөгөөр дэмжих аж.
Түүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, бизнесийн корпорац” ТӨҮГ-ыг Шинжлэх ухааны парк-Биотехнологи болгон өөрчилж, ХААИС болон ШУТИС-ийн харьяанд, “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-ыг Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи болгон өөрчилж, МУИС, ШУТИС-ийн харьяанд шилжүүлсэн батламжийг дээрх сургуулиудын захиралд гардуулав.
Ийнхүү оюутнууд шинжлэх ухааны парктай болсноор шинэ санаагаа турших, баг бүрдүүлэх, багш, судлаачдаас зөвлөгөө авах, паркт байгаа нээлттэй лабораториудыг ашиглах, хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчаа олох гээд олон боломж нээгдэж буй.
Энэ үеэр МУИС, ШУТИС, ХААИС-ийн оюутан, судлаачид бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэснийг зочид сонирхов. Хими, физик, анагаах ухаан, биологи, одон орон гээд салбар бүрийнхэн бүтээлээ танилцуулсан эл үзэсгэлэнгээс МУИС-ийн оюутан, судлаачдын бүтээсэн 3D принтер олны анхаарлыг их татсан.
Уг принтерийн эд ангиудыг гадаадаас захиалж, өөрсдөө угсарчээ. 0.1 мм нарийвчлалтай, 20 шоо см хэмжээтэй хэвлэдэг энэ принтерийг 900-950 мянган төгрөгөөр бүтээжээ. Үүнээс гадна кансат буюу лаазан доторх бичил хиймэл дагуулыг хүмүүс нэлээд сонирхож байлаа.
МУИС-ийнхан бүтээсэн уг хиймэл дагуулыг жижиг пуужингаар хөөргөдөг. Пуужингийн түлш дуусахад автоматаар задарч, хиймэл дагуул агаарт шүхэртэй үлддэг байна. Энэ нь агаарын даралт, температурын мэдээллийг хадгалахаас гадна газар дээрх станцад дамжуулна. Мөн үүний тусламжтайгаар хөрсний мэдээллийг авч, ой хээрийн түймрийг гарсан даруйд нь мэдэх боломжтой аж.
МУИС ирэх оны хавар Монгол Улсын анхны хиймэл дагуулыг Олон улсын сансрын станцаас хөөргөх сайхан мэдээг энэ үеэр сонслоо. Японы Засгийн газраас хиймэл дагуулгүй орнуудыг хүний нөөц, дотоод бааз, гадаад харилцаа холбоо болон нано хиймэл дагуул хийж, хөөргөх боломжоор хангах зорилгоор “Birds” төсөл хэрэгжүүлж буй. Төсөлд Гана, Бангладеш, Япон, Нигер улс хамрагджээ.
Японд сурч байгаа монгол оюутнууд хиймэл дагуулыг бүтээж байгаа бөгөөд Японы Кюүшү технологийн их сургууль хөөргөх ажлыг хариуцах юм байна. Хиймэл дагуул нь 10 шоо см хэмжээтэй ба камерын үзүүлэлт нь 500 км өндрөөс 100 метрийн нарийвчлалтай зураг авдаг байх аж.
МУИС-д хиймэл дагуулын газрын станц байрлуулан, мэдээлэл авч, хянана. Мөн МУИС-ийн Машин оюуны лабораторид бүтээсэн бичвэрээс ярианд, галигаас авианд, ярианаас ярианд, кириллээс монгол бичигт хөрвүүлдэг, зөв бичгийн алдаа шалгадаг программууд хүмүүсийн ажил хөнгөвчилсөн бүтээл болжээ.
Тус лабораторид ярианаас бичвэрт хөрвүүлэх программ зохион бүтээхээр туршиж байгаа гэнэ. Энэ программыг амжилттай зохион бүтээвэл ярилцлагаа бичвэрт буулгах гэж багагүй хугацаа зарцуулдаг сэтгүүлч бидний ажлыг их хөнгөвчлөх юм. Энэ мэт сонирхолтой, шинэлэг олон бүтээлийг манайхан бүтээжээ.
П.ТУНГАЛАГ