Энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 03.00 цагийн үед “Нарантуул” худалдааны төвд гал гарлаа. Тус төвийн хоёр том саравчны нэгэн дор ил байрлах торго, бөс барааны лангуунууд уг галд өртжээ.
Өчигдөр 09.40 цагийн үед тэнд очиход цагдаа нар худалдааны төв рүү орох хаалгуудыг хамгаалалтад авсан байв. Галын шалтгааныг тогтоох шинжээчдийн баг ажиллаж буй учир хүн оруулахгүй гэсэн нь тэр.
Харин төв хаалганых нь гадаа худалдаа эрхлэгчид цугларч, гал хэдий хэмжээний газар тархсан, хэр хохирол учирсан талаар лавлаж байв. Гэвч лангуу нь шатсан хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Харин “Нарантуул” худалдааны төвийн захиргааны ажилтан гэх залуу торго, бөс бараа худалддаг хүмүүсийг цуглуулан холбогдох утас, лангууны дугаар зэргийг бүртгэн авч байлаа.
Ийнхүү тодорхой мэдээлэлгүй хүмүүс дор бүрээ таамаг дэвшүүлж, чухам юунаас болж гал гарсан байх магадлалтайг ярилцаж зогсов. Тухайлбал, тус худалдааны төвд бэлэн хувцас худалддаг Б.Зориг “Захиргаа түрээс авахаа л мэддэг болохоос аюулгүй ажиллагааг хангахдаа хойрго ханддаг.
Метрийн бараа их үнэтэй. Шатсан хэсэгт 14 лангуутай хүн ч бий. Тэр хүний лангуу шатсан бол бараг 200 сая төгрөгийн хохирол амссан байх. Ингэж хориг тогтоож байхаар шатсан хэсэгт худалдаа эрхэлдэг хүмүүсийг дотогш оруулж, бүрэн бүтэн үлдсэн барааг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Галд өртсөн хэсгийг бус, захыг бүхэлд нь хаачихаар бусад наймаачин нь давхар хохирч байна.
Бараг тав хоног ажиллуулахгүй гэх юм. Банкнаас өчнөөн мөнгө зээлсэн хүмүүсийг яаа гэж байгаа юм бүү мэд” гэв. Харин түүний хажууд зогсох нэг залуу “Өнгөрсөн удаа гал гарах үеэр зарим хүн далимдуулж хулгай хийсэн гэсэн. Барааныхаа дор нуусан мөнгө нь алга болсон юм билээ. Тэгээд л дотогш оруулахгүй байгаа гэнэ лээ” гэж ярилаа.
Харин метрийн бөс бараа, ор дэрний хэрэглэл худалддаг хүмүүс “Бид гал гарсан тухай 04.30 цагийн үед мэдэж, нэг нэгэндээ хэлсэн. Галын тухай бодит мэдээлэл алга. Шатсан хэсгийн дээвэр нь нурсан гэж сонслоо. Тус хэсэгт 80 орчим хүн худалдаа эрхэлдэг. Нэг лангуутай хүн хамгийн багадаа л таван сая төгрөгийн бараатай байдаг. Тэгэхээр арван лангуутай хүн хэдэн төгрөгийн бараатай нь тодорхой” гэцгээж байв.
Худалдаачид “Бидний хохирлыг барагдуулахгүй байх” хэмээн таамаг дэвшүүлж байлаа. Тэдний ярьж буйгаар тус худалдааны төвийн хүнсний зах чухам юунаас болж шатсан нь одоо болтол тогтоогдоогүй байгаа аж. Үүнийг худалдаачид санаатай үйлдэл хэмээн үзэж буйгаа ч хэлж байлаа.
Учир нь хүнсний зах шатсаны дараа “Нарантуул”-ын захиргаа түрээсийн төлбөрөө хоёр удаа нэмсэн аж. Анх 1.5 ам метр газрыг тэд сард 30 гаруй мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан бол өнөөдөр 74 мянган төгрөг төлж байгаа аж. Тиймээс энэ удаагийн галыг санаатай тавьсан байх магадлалтай гэнэ.
Бараагаа ил орхидог лангуунд гал гарсан нь учиртай хэмээн түрээслэгчид үзэж байв. Торго, бөс бараа худалддаг хүмүүсийн олонх нь агуулахгүй учир бараагаа лангуун дээрээ орхиж явдаг гэнэ. Олон сая төгрөгийн хөрөнгөө ил орхидог учир хүмүүс хоорондоо зохицож, бараагаа манадаг байсан аж.
Гэтэл тус төвийн захиргаа түрээслэгчдээс төлбөр аваад хамгаалалтыг өөрсдөө хариуцдаг болжээ. Энэ талаар метрийн бараа худалддаг Т (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав) “Хэд хоногийн өмнө биднийг бараагаа агуулахад хий гэж хөөж, туугаад бөөн юм болсон. Бид учир байдлаа тайлбарласан боловч хүлээж аваагүй. Би гэхэд л бараагаа аваад гаръя гэхээр хөдлөх ямар ч боломжгүй.
Удахгүй захиргаа бидний хохирлыг барагдуулах нэрийдлээр лангууныхаа түрээсийн төлбөрийг нэмнэ. Өмнө нь гал гарсны дараа түрээсээ нэмсэн. Даатгал хийдэг ч гэсэн гэрээн дээр нь “Гал түймэр, үер гэх мэт гамшиг тохиолдсон бол даатгал хамаарахгүй” гэсэн байдаг. Энэ удаагийн галыг яах аргагүй санаатай тавьсан.
Өчигдөр орой (2-ны оройн 18.00 цагийн үед) намайг явахад шатдаг хэсэг цахилгаангүй байсан. Тэгээд ч түрээсийн төлбөрөө тушаасны дараа шатна гэж юу байх вэ дээ” гэж ярив. Торго, бөс бараа худалддаг хүмүүс ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
Харин ЦЕГ болон ОБЕГ өчигдөр тус гал түймэртэй холбоотойгоор мэдээлэл хийв. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү “Тус худалдааны төвд гал гарсан тухай дуудлагыг шөнийн 03.39 цагт хүлээн авч, Гал унтраах, аврах 10 дугаар ангийн I тасгийг 03.40 цагт гаргасан.
Гал гарсан хэсэгт шатамхай бараа их байсан учир нэмэлтээр гал түймэр унтраах найман анги дайчилсан. Ингээд 04.40 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон. Гал унтраах үйл ажиллагааг тактикийн алдаагүй зохион байгуулсны үр дүнд тус объектын хойд болон зүүн хэсэгт байрлах найман эгнээ бүхий 300 гаруй лангууны бараа материалыг авран хамгааллаа.
Одоогоор гал юунаас болж гарсан, хэдий хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байгаагийн дээр хүний амь эрсэдсэн эсэх нь тогтоогдоогүй байна. Мөрдөн байцаагч нарыг томилж буй учир галын шалтгааны талаар урьдчилсан таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье” гэв.
Бөс бараа худалддаг хүмүүс тус төвийн 5700 орчим ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг аж. Урьдчилсан байдлаар галд үүний 2500 ам метр орчим нь өртсөн гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Нарантуул” худалдааны төвийн захиргаа холбогдох албанаас өгсөн үүргийг хангалттай биелүүлээгүй учир өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд 250 мянган төгрөгөөр торгожээ.
Харин тус төвийн эзэн Ш.Сайхансамбуу зарим цахим хэвлэлд “Хэн нэгэн тус галыг санаатай тавьсан. Би хэн гэдгийг нь мэдэж байгаа. Тиймээс нэг ч түрээслэгчийн хохирлыг барагдуулахгүй” гэсэн утгатай ярилцлага өгчээ.
Г.ЦЭЦЭГ