Цаг агаарын гамшиг үзэгдлийн улмаас бүх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. 

Онцгой байдлын анги байгууллага, Зам тээврийн яамны харьяа зам арчлалтын компаниуд хамтран хаагдсан зам, давааг нээх ажлыг зохион байгуулан, орон нутгаас тусламж авч ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын саналыг үндэслэн цаг агаар сайжиртал бүх чиглэлийн зам давааг нээхгүй байх шийдвэрийг Зам тээврийн яамнаас гаргалаа. 

Авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн үеэр иргэд хулгайн замаар зорчиж, улмаар автомашин цасанд суух, эвдрэх, шатахуунгүй болох, мөн малчдын хувьд салхи шуурганы үеэр малаа дагаж уруудах, төөрөх зэрэг эрсдэлд өртөж байна. Иймд, иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллага цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг даган цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр хол, ойрын замд гарахгүй байхыг онцгой анхааруулж байна.

Цаг уурын хүрээлэнгээс өгсөн мэдээгээр өнөөдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24м/с хүртэл ширүүсэж, цасан шуурга шуурна гэжээ.