Манай улсад жилд дунджаар 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь нас барж байгаа гэсэн статистик тоо байдаг аж. Харин олон улсын эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар улс орнууд хорт хавдраас сэргийлэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дэлхий даяар 19.6 сая хүн шинээр хорт хавдраар өвчлөх магадлалтай байгаа юм байна. Тиймээс дэлхий дахинаа хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан монголд эмчлэх оношлох боломжгүй иргэдийн эмчилгээ оношлогооны зардлыг төр бүрэн хариуцах, улмаар “Хавдаргүй Монгол” болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос танилцууллаа. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатарын хэлснээр Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо улс орон даяар “Хавдаргүй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, энэ хүрээнд төр засагт таван цогц бодлогыг хэрэгжүүлэхийг уриалж байгаа аж. Үүнд:
- Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдах механизмыг хуулиар бүрдүүлэх,
- Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг оношлогоо эмчилгээ – урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо гэсэн хоёр урсгалтай болгох,
- Урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр хийгдэх шинжилгээний стандартыг шинэчлэх,
- Монголд эмчлэх оношлох боломжгүй болон эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг өндөр төлбөртэй эмчилгээ оношлогооны зардлыг төр бүрэн хариуцах,
- Уул уурхайн баялгаас улсын төсөвт орж буй хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарт зориулах зэрэг орж байгаа юм.
Эдгээрийг бүрэн хэрэгжүүлснээр таван жилийн дараа хорт хавдрын өвчлөлийг 50 хувиар, 10 жилийн дараа 100 хувь устгах боломжтой гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар Монголд эмчлэх боломжгүй 300 орчим иргэн гадаадад эмчлүүлэх шаардлагатай хэмээн төр засгаас эмчлүүлэх зардал хүсч ханджээ. Гэвч хуулийн хүрээнд ийм төрлийн өвчтэй хүмүүс өөрсдийн зардлаар эмчлүүлээд ирсэн тохиолдолд зардлын 5 хувийг буцаан олгодог аж. Иймд 300 хүний 140 нь өөрсдийн зардлаар эмчлүүлсэн ч үлдсэн тал хувь нь одоог хүртэл эмчлүүлж чадаагүй гэнэ. Тиймээс тус холбооны үзэж буйгаар нэг хүний дундаж зардлыг 70 сая төгрөг гэж үзвэл төр засаг жилд 21 тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай гэнэ.
Мөн энэ үеэр Элэгний төвийн эмч Д.Бэхболд дэлхий дахинаа хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэн талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ “Хорт хавдрыг бүр мөсөн устгах шинэ технологийг Япон улс гарган авсан. Тус арга нь хорт хавдрын 3-4 дүгээр шатанд орсон өвчтөнийг хүнд ионоор эмчлэх арга юм. Энэ нь бусад эмчилгээний аргуудтай адилгүй биеийн бусад эрхтэнүүдийг огт гэмтээхгүйгээр хорт хавдрыг жижигрүүлэх юм. Одоогоор хоёр монгол хүнийг амжилттай эмчлээд байгаа юм.