Золбин гэх тодотголтой нохой хотын хаа сайгүй бөөн бөөнөөрөө үзэгдэх нь олширлоо. Тав, арваараа сүрэглэн явах тэд иргэдийг айдаст автуулаад буй. Үүнтэй зэрэгцэн “Нохой хүн уржээ” гэх мэдээлэл гарах болсон нь уг айдсыг улам нэмэгдүүлж байна.
Тэгвэл иргэдийн айдсыг дарахын тулд хариуцах эзэнгүй нохойг устгах ажлыг холбогдох албаныхан эхлүүлжээ. Манай улс жил бүр эзэнгүй нохой, муураа устгадаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 15 хүртэл нохой устгах ажил хийв.
Тухайн үед албаны хүмүүс 10 орчим хоногийн хугацаанд 7000 гаруй нохой, муур устгасан хэмээн мэдээлж байв. Гэтэл уг ажлыг гардан зохион байгуулдаг байсан дүүргүүд өнгөрсөн оны наймдугаар сард түүнээсээ татгалзжээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч Т.Батцогт “Энэ онд нохой устгах ажлыг “Улаанбаатар” нэгтгэл хариуцна. Он гарснаас хойш дүүргүүд нэг ч нохой устгаагүй.
Ер нь дүүргүүд үүнийг зохион байгуулахад тун хэцүү юм билээ. 7500 төгрөгөөр амьтны амь хороох хүн тэр бүр олддоггүй. Нохой устгая гэж ирсэн хүмүүс амьтны амийг ингэж үнэлж болохгүй хэмээн цааргалдаг” гэж ярилаа.
2013 оноос өмнө нэг нохой устгах зардлыг 5500 төгрөгөөр тооцдог байж. Ингээд тухайн онд нохой устгахад 470 сая төгрөг төсөвлөжээ. Гэвч энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй байсан учир тухайн оны долдугаар сард нийслэлийн ИТХ нэг нохойн амийг 7500 төгрөгийн үнэтэй болгосон байна.
Ингээд үүнд зарцуулах зардлыг 2014 онд нийт 800, 2015 онд 890 сая төгрөг гэх мэтээр жил бүр нэмдэг болж. Харин энэ онд нохой устгахад 890 сая төгрөг төсөвлөжээ.
“ҮРГҮЙ БОЛГОХ САНХҮҮГИЙН БОЛОМЖ БАЙХГҮЙ”
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нохойг зэрлэгээр хөнөөж, хоншоор, сүүлийг нь тасалж авах нь дэндүү харгис гэдгийг хэлж байсан. Үнэндээ нохойг манайх шиг шууд хаа таарсан газраа буудаж, сэгийг нь ил хаядаг улс олон биш. Европын орнууд хүзүүвчгүй нохойг барьж, тусгай аргаар устгалд оруулдаг гэнэ.
Ингэхдээ хорих байранд аваачиж буудах эсвэл зүрхийг нь зогсоох тариа хийх зэрэг арга хэрэглэдэг. Харин Азийн орнууд золбин нохойгоо хорьж, үргүй болгох арга сонгодог ажээ. Энэ мэтээр дэлхий нийт амьтныг харгислан хөнөөхөөс татгалзсаар байна. Гэвч манай улс дээрх аргуудыг хэрэглэх боломжгүй гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалж “Нэг нохойг үргүй болгоход 150 мянган төгрөг шаардлагатай юм билээ. Манайд тийм санхүүгийн боломж байхгүй. Тэгээд ч нийслэлийн ИТХ нэг нохойд зарцуулах зардлыг 7500 төгрөг байна гээд баталчихсан.
Гадаадын зарим улс тусгай байранд хорих гээд олон арга хэрэглэдэг. Манайх нэг байр барьсан боловч уг ажил дорвитой үр дүнд хүрэхгүй байна. “Улаанбаатар” нэгтгэлийг хариуц гэсэн боловч болсонгүй. Тиймээс хорих байрны үйл ажиллагааг хувийн компанид шилжүүлэхээр болоод байна” гэв.
Үүнээс гадна энэ жил устгасан нохойн сэг, зэмийг газарт булах төлөвлөгөөтэй. 2013 онд Цагаан давааны хогийн цэгт нохойн сэг, зэм устгах зуух ашиглалтад оруулсан. Тухайн үед “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайхан “Тус зуух өдөрт 300-400 нохойн сэг устгана” гэж байв.
Гэтэл өнөөдөр ажиллаж буй, эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн онд өдөрт 40 орчим сэг зэм шатааж, үлдсэнийг нь булсан юм байна. Гэтэл одоо уг зуух ажиллахгүй байгаа учир сэгийг булахаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Т.Энх-Амгалангаас тодруулахад “Энэ жил болох АСЕМ-ын уулзалттай холбогдуулан тус зууханд зарцуулах хөрөнгийг татсан.
Тиймээс сэг зэмийг өмнөх шигээ дарж булна” гэлээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өдөрт 300 гаруй нохой устгадаг юм байна. Гэвч сэгийг нь шатаах зуух байхгүй учир тэр бүгдийг хогийн цэгт хаях, эсвэл булах нь.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Нэг нохой устгаад 1000 төгрөгийн хөлс авдаг
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн тохижилтын инженер Г.Жанчивдоржоос дараах зүйлсийг тодрууллаа.
-Сүүлийн үед золбин нохой элбэгшлээ. Устгахгүй юм уу?
-“Улаанбаатар” нэгтгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас эхлэн 11 бригад гаргаад устгал хийж буй.
-Өдөрт хэчнээн нохой устгадаг юм бэ?
-Бригадууд өдөрт дунджаар 400 орчим нохой устгадаг. Нийслэлд байгаа золбин амьтдын тоог нарийвчлан гаргах боломжгүй. Жилд 90-100 мянга орчим нохой устгадаг.
-Нэг нохой устгахад зардалд 7500 төгрөг төсөвлөдөг ч энэ нь хаанаа ч хүрдэггүй гэх юм.
-Нэг нохой устгахад хоёр ширхэг сум зарцуулдаг. Сумыг зах зээл дээр чөлөөтэй худалддаггүй, нэг байгууллага л зөвшөөрөлтэй оруулж ирдэг. Нэг хайрцаг сумыг 70-80 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Үүнээс үзэхээр нэг сум 1500 төгрөгийн үнэтэй.
Ингэхлээр зөвхөн суманд л 3000 төгрөг нь явчихна. Нэг бригад 3-4 хүнтэй бөгөөд өдөрт 20 нохой устгалаа гэхэд нэг хүн 20 орчим мянган төгрөг л авдаг гэсэн үг.
Манайхан нохой устгахыг цээрлэдэг. Аллага үйлдсэнийхээ хөлсөнд ийм цалин авна гэдэг үнэхээр бага байгаа юм.
-“Улаанбаатар” нэгтгэлийн хариуцдаг нохойн сэг, зэм устгах зуух ажиллахгүй байгаа учир хогийн цэг дээр ил хаяж байна гэлээ. Энэ үнэн үү?
-Зуухны талаар би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Надад тус зууханд өдөрт 40-50 нохойн сэг устгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.
-Нохой устгалыг жилд хэдэн удаа хийдэг юм бэ?
-Манай нэгтгэл жилийн дөрвөн улирал, сар тутам, ингэхдээ ажлын зургаан өдөр устгалыг зохион байгуулдаг.
Г.ЦЭЦЭГ