Монгол банкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Очирбатын Чулуунбат өвчний улмаас өнөө өглөө таалал төгсжээ. Биеийн байдал нь эрс муудаж, Япон улсад эмчлүүлж байгаа тухай мэдээлэл гарч байсан бөгөөд эдгэрэх боломжтой хэмээн үзэж буй тухай ч намын нөхөд нь хэлж байсан юм.
МАХН-ын гишүүн О.Чулуунбат агсан 1958 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд валют санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй байсан юм.
1996 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академид “Шилжилтийн үеийн санхүү мөнгөний онцлог” сэдвээр эдийн засгийн ухааны доктртын зэрэг хамгаалсан тэрбээр өмнө нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр баклаврын зэрэгтэй төгссөн аж.
1981-1986 онд Улсын банкны Ерөнхий хорооны Гадаад тооцооны газар ахлах эдийн засагч, референт, 1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкинд ахлах зөвлөх,ахлах дилер (Москва хот, ОХУ), 1990-1991 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, 1992-1993 онд ХОТШ банкны нэгдүгээр орлогч захирал, 1993-1996 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 1996-2000 онд Салес Капитал маркет пүүсд ахлах трейдер (Нью-Иорк хот, АНУ), 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүн (Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн). УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан түүнийг Монголын санхүүгийн нөлөө бүхий, туршлагатай хүмүүсийн нэг хэмээн зүй ёсоор үздэг. Хамгийн сүүлд тэрбээр ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Түүнчлэн Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний барилгын ассоциацын ерөнхийлөгч, МАХН-ын нарийн бичгийн даргын сонгуульт ажилд томилогдон ажиллаж байжээ.