Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Мэргэшсэн, мэдлэг боловсролтой, бусдад үлгэр дууриал болсон, төрийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлдэг улсын байцаагч олон бий.
Гэхдээ хүнд сурталтай, асуудлыг шийдэхгүй уддаг, шан харамж нэхдэг байдал чих халууцуулж байна. Харилцагч нарынхаа үйлийг үздэг цөөн хэдэн хүний бусармаг үйлдлээс болж, мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэр хүнд унаж байна.
Тиймээс та бүхнээс хариуцлагатай, сахилга баттай ажиллахыг шаардана” хэмээн энэ сарын 1-нд болсон “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр салбарынхандаа хатуу сануулсан.
Тэгвэл Ц.Шаравдорж төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор Улсын ерөнхий байцаагчийнхаа бүрэн эрхийн дагуу 14 байцаагчийн эрхийг цуцаллаа.
Эдгээр 14 хүн МХЕГ-ын захиргааны албан хаагчид аж. Тэднийг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэг гүйцэтгэдэггүй гэж үзжээ.
Ингэснээр улсын (ахлах) байцаагчийн эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам болсон гэж Ц.Шаравдорж үзэж байна.
О.БАТ-УНДРАХ