“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн мөнгөний төлбөртэй холбоотой зөрчлийг арилгах зорилгоор ирэх тавдугаар сарын 31 хүртэл “Иргэдийн хяналтыг урамшуулах” аян зохион байгуулахаар болжээ.
Энэ хугацаанд зорчигчид автобусны жолооч, кондукторыг бэлэн мөнгө хураахдаа ямар нэгэн зөрчил гаргасныг илрүүлэн баримтжуулснаар урамшуулал авах юм. Уг ажлыг тус компанийнхан журмаар зохицуулж буй гэнэ.
Ингэснээр нийтийн тээврийн бэлэн мөнгөний орлогод хяналт тавьж, алдагдлыг арилгах, иргэдийн мөнгийг хууль бусаар шамшигдуулахыг таслан зогсоох аж.
Тодруулбал, жолооч нарыг гар дээрээ болон зориулалтын бус хайрцагт бэлэн мөнгө авах, хүнээс зайдуу газар хайрцгийг тусгай багажаар ухах, бүхэл мөнгийг задлах хэлбэрээр өөртөө авах үед нь иргэд бичлэг хийж, зураг аван тухайн нийтийн тээврийн хэрэгслийн улсын болон гараашийн дугаарыг хамтад нь зурагжуулж, зөрчил илрүүлсэн цаг өдрөө тэмдэглэсэн бол “Улаанбаатар смарт карт” компанийн байранд ирж, урамшууллаа (“U money” цахим картыг 30.000-50.000 төгрөгөөр цэнэглэж өгнө) авах эрхтэй. Тэд мэдээлэл өгсөн зорчигчдын нууцыг чанд хадгалах аж.
О.УНДРАХ