Төв аймгийн Атарын 35 кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам
шуурганд хугарч унажээ
Өнгөрсөн баасан гаригт ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Орон нутгийн онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цасанд боогдсон, автомашин нь суусан, шатахуун нь дуусан хээр саатсан зэрэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэн 638 иргэнийг осгох, хөлдөхөөс аварч, 152 автомашиныг татан гаргажээ.
Төв болон орон нутгийн чиглэлийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Авто тээврийн үндэсний төв хязгаарласан боловч иргэд дур мэдэн төмөр зам доогуурх нүхэн гарц, хулгайн замаар хотоос гарчихаад удалгүй “Цасанд суучихлаа, замаас гарчихлаа, тусламж үзүүлээч” гэсэн дуудлага цөөнгүй ирүүлжээ.
Харин бямба гаригийн 09.00 цагт улсын болон орон нутгийн бүх чиглэлийн замыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн.
Мөн цасанд хаагдсан зам давааг нээхээр онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн зам арчлалтын компаниуд, нутгийн захиргааны байгууллагууд иргэдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Цасанд боогдсон иргэдэд онцгой байдлын алба хаагчдаас гадна “Монголын Ланд круйзер” болон бусад клубийн залуус машин техникээр тусалжээ.
Хүчтэй цасан шуурганаар 88 иргэн сураггүй болсныг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид, цагдаагийн байгууллагынхан эрэн хайж баасан гаригийн 15.00 цагийн байдлаар 86-г нь эсэн мэнд олсон байна.
Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэн, 46 настай Д, Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн 41 настай Ж нар осгож амиа алджээ.
Мөн 700 орчим мал цасанд дарагдан, 10 гаруй нь хорогдсон байв. Цахилгаан дамжуулах шон хугарснаас Өвөрхангай, Төв аймгийн зарим сум эрчим хүчгүй болсон бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа, Чингэлтэй дүүргийн Хайлааст зэрэг 16 газар цахилгаан тасарчээ.
Түүнчлэн хүчтэй шуурганы улмаас айлын хашаа нурж, байшингийнх нь дээвэр хууларсан байна. Өчигдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бага зэргийн цас бударсан, цаг агаар тогтуун байгааг ОБЕГ-аас мэдээлэв.
Ч.ТУЯА