Өчигдөр Иракийн нийслэл Багдад хотын өмнөд хэсэгт оршдог Хилла хотын шалган нэвтрүүлэх цэгт халдлага болж 60 гаруй хүн амь үрэгдэж, 70 хүн хүнд болон хөнгөн шархаджээ. Уг халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээсэн байна.
Халдлагын үеэр амиа золиослогч этгээд шатахуун тээвэрлэгч авто машинд тэсрэх бөмбөг суурилуулан, шалган нэвтрүүлэх цэгийн гадаа дэлбэлсэн байна.
Иракийн засгийн газрын цэргүүд "Исламын улс" бүлэглэлийн эзлэн авсан нутаг дэвсгэрүүдийг чөлөөлж байгаатай холбоотойгоор тус бүлэглэл Иракд хийх дайралтаа идэвхжүүлж байна гэж шинжээчид таамаглаж байна.
Сүүлийн үед Иракийн баруун болон хойд мужуудад тус улсын засгийн газрын цэргүүд амжилттай ажиллагаа явуулж байгаа юм. "Исламын улс" бүлэглэлээс Ирак, Сирийн олон хот, тосгоныг эргүүлэн чөлөөлсөн, одоо эдгээр бүс нутгийг сэргээн босгох ажил чухал байгааг АНУ-ын зүгээс өнгөрсөн бямба гарагт онцлон мэдэгдсэн.
Харин "Исламын улс" бүлэглэл үүний хариуд өдөр алгасалгүй зэвсэгт халдлага явуулж байгаа юм. Орон нутгийн эмнэлгийн мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүсийн 23 нь цагдаа, аюулгүйн хүчний албан хаагчид байсан байна.