БНХАУ-ын Нанжин хотод өчигдөр болсон “The Brain” телевизийн шоунд ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Э.Энхмөнх Австрали, Перу, Испани, Шведийн тамирчинтай “X-Team” нэртэй баг болж, хятадуудтай өрсөлджээ.
Тэдэнтэй оюун ухаанаа сорьсон хятад тамирчид Герман, Америк, Англи зэрэг олон орны шилдгүүдтэй өрсөлдөж, хүний санаанд орохооргүй даалгавруудыг биелүүлж байсан гэнэ. Ийн Э.Энхмөнхийн багтсан баг 5:1 оноогоор тэднийг ялжээ.

Тэрбээр Лиу Хуэйфэнтэй өрсөлдөж багтаа оноо авч чадсан юм. 15x15 хүснэгтийн нүд бүрт секунд тутамд нэг цифр анивчиж, Э.Энхмөнх 225 цифрийг тогтоох даалгавар гүйцэтгэжээ.
Хүснэгт дээрх цифрүүдийг нууж, цагаан цэг санамсаргүйгээр нэг нүдэнд зогсоход тухайн нүдэнд байсан тоог гурван секундийн дотор санаж, лаазан хананаас зөв дугаартайг нь сонгон ширээн дээр тавих даалгаврыг зөв гүйцэтгэсэн юм байна.
Уг шоуг цацсан өдөр нь гэхэд 300 сая хүн үздэг гэсэн тооцоо бий гэнэ. Э.Энхмөнхийн оролцсон шоуг “Jiangsu” телевизээр ирэх баасан гаригт үзэх боломжтой аж.