МХЕГ ээлжит цахим, шуурхай хурлаа өчигдөр хийж, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсон, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах болон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Тус газраас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй, хэрэв уралдааныг зохион байгуулсан нөхцөлд уралдаанч хүүхэд болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичиг хүргүүлсэн аж. Өнгөрсөн сарын 8-нд Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилэн баталсан. Уг жагсаалтын 3.10.2-т “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг. Иймд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллахыг үүрэгдэн, сануулж зөвлөсөөр байхад албан тушаалтнуудад хууль зөрчсөөр байгаа юм. Тиймээс хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохыг мэдэгдэв.
Мөн “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хуурамч эм, жоргүйгээр эм олгох, хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчлэх зэрэг тодорхой зөрчлүүдийг арилгах үүрэг даалгаврын хэрхэн биелүүлж буй хяналт сайн тавьж, удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохоор болжээ.
Ч.ТУЯА