Мартын 8 буюу 3 сарын 8-ны өдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Заримдаа энэ өдөр олноороо баярлах, энд тэндхийн караокег ганц өдөр орлого оруулж очерлуулахыг нь харахаар гуниг төрөх шиг ч болох юм.
Монгол улсад эмэгтэйчүүдийн эрх тийм их баярлаж тэмдэглэхээр мундаг хэмжээнд хүрчихэв үү? Царай зүс гайгүй, боловсрол мэдлэг өндөр охидууд их сургуулиа төгсөөд аль нэг албан газар, ажилд ороход маш ойлгомжгүй дарамт, зовлонгууд ирдэг.
Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйл эмэгтэй хүнийг ямар ч аргагүй болгож, ажлаа солих эсвэл зохицоод явах сонголтыг үлдээдэг. Энэ харилцаа бизнес төрийн байгууллагад ч маш түгээмэл үзэгдэнэ. Зөвхөн ядруухан айлын харж хандах хүнгүй охидыг дарамтлаад байдаг юм биш.
“Нэг хоолонд ороод тухтайхан ярилцья” гэдэг мессежнээс л дарамт эхлэдэг гэж хэлж болно. Хамгийн шударга бус нь ямар ч нөхцөлд эмэгтэйчүүд муу нэр зүүж үлддэг. Ийм байдлаар биеэр болоод сэтгэл санаагаар хохирсон олон бүсгүйчүүд “Доромжлогдоод” л өнгөрдөг. Энэ бол хамгийн түгээмэл атлаа огт чимээ гаргадаггүй хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй хэлбэр юм.
1999 оны Болор цом яруу найргийн цэнгүүнд яруу найрагч Ц.Хулан “Эр морь хурдлахаа байсан цагт эмэгтэй хүн барилдахаас наагуур ...” гэдэг мөрт уншин бөхийн өргөө тэр аяараа шуугиж байсан. Тэр цагаас хойш 16 жил өнгөрчээ.
Эр морьд хурдалсангүй, харин ч архи ууж худлаа хэнхэгнэсээр эх хүүхдийг л их зовоох шиг боллоо. Өнөөдөр нийгмийн хамгийн идэвхитэй, хөдөлмөрч, хариуцлагатай хэсгийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.
Үүнийг Замын үүдийн хилийн боомт дээр хэдэн зуугаараа очерлож зогсох 69 машин дотор суусан “Эгч” нараас харж болно, наран туул зах дээр бөмбийтлөө дааран зогсох “Эгээ” нараас мэдэж болно.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид хэдэн зуун бүсгүйчүүд хоригдож буй. Хашаанд нь байх нярайн тасагт хорих ангиас амьдралынхаа гарааг эхлэж буй бяцхан үрс торниж байна.
Тэдний “Үйлдсэн” хэрэг нь залилан болоод хүн амины хэрэг зонхилно. Хаяад явсан нөхөр, эсвэл хаяж чадахгүй архичинаа тэжээн дээр нь 4 нялх хүүхдэдээ өдрийн талх олж өгөхөөр бага хэмжээний зээл авч эргээд түүнийгээ төлж чадахгүй “Залилан” гэдэг гэмт хэргийн үйлдэгч болж 5-8 жил шоронд сууна.
Эсвэл 10 жилийн аймшигт хүчирхийлэл дунд амьдран хүний тэсэж болох хязгаар тасрах үед “Энэ хүний гарт нэг өдөр амь үрэгдэх үү, эсвэл өрсөж хөнөөгөөд өөрөө шоронд сууж хүүхдээ ч болсон асрамжинд өсгөх үү” гэдэг эцсийн сонголт ирнэ. Эх хүн эцсийн мөч ирэхэд үр хүүхдээ боддог юм гэнэлээ.
Монгол эрчүүд өдөр бүр эхнэр хүүхдээ хайрлаж, амьдралынхаа хариуцлага ухамсарыг мэдэрч, эр хүний хийморь өөдөө “Өрхийн тэргүүн” шиг явбаас “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” байхгүй байсан ч болох юм.
Төрсөн өдөр мартын 8-наар өгдөг улаан өнгөтэй сарнайгаа хаяа нэг ажил тарсны дараа зүгээр бариад ороод ирдэг, гашуун хар усыг тэвчиж гэр бүлдээ цаг заваа зарцуулдаг болчихвол Монгол өрх бүтэн болж Монгол улсын заяа өөдөө байх болно.
Ч.Ганжавхлан