Ираны тэрбумтан Бабак Занжанид авилга авсан хэргээр цаазаар авах ял оноожээ. Ираны Ерөнхий прокурорын газраас мэдээлж байгаагаар Занжани хоёр хамтран зүтгэгчийнхээ хамт цаазын ял авсан бөгөөд давж заалдах эрхтэй гэнэ.
“Шүүх анхан шатны шүүх ажиллагаагаар авилгын хэрэгт буруутгагдсан гурван этгээдийг буруутай гэж үзээд цаазаар авах ял оноолоо” гэж ерөнхий прокурор Мохсени Эжеи хэлжээ. Тэрбээр мөн яллагдагчид Ираны нефтийн үндэсний компанийн хөрөнгийг буцаан олгох ёстой бөгөөд угаасан мөнгөнийхөө 25 хувийг төлөх ёстой болохыг мэдэгджээ.
Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Малайзад хөрөнгө бүхий “Sorinet Group” корпорацийн тэргүүн Бабак Занжаниг санхүүгийн луйвар хийж, авилга авах замаар улсад хохирол учруулсан хэргээр 2013 оны 12 дугаар сарын 30-нд баривчилжээ.
Түүнийг хориг арга хэмжээний үед борлуулсан нефтийн худалдаанаас олсон мөнгийг үрж шамшигдуулсан хэрэгт буруутгасан байна. Тэрбумтныг Тегеран хотын “Эвин” шоронд хорьжээ.