Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээ гарсан билээ. Тус мэдээнд 3 дугаар сарын 04-ний өдрийн баасан гарагт Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд Монгол Улсын иргэд байсан гэх ташаа мэдээлэл цацагдсан.
Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Харин уг хэргийг Монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа юм байна.