Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Цэцэгс, инээд халгиж, бүсгүйчүүдийн нүүрэнд инээмсэглэл тодордог өдөр. Нөхөр, хөвгүүд нь гарын хоолоо хийж, эмээ, ээж, эхнэр, найз бүсгүй, эгч, дүү, охиноо нэг өдөр эрхлүүлнэ.
Нийтээрээ амардаг учраас төр, хувийн гэлтгүй бүх л байгууллага өчигдөр амжиж, бүсгүйчүүдээ баярлуулав. Залуусаа магтаж, талархлаа илэрхийлсэн пост цахим ертөнцөд хөвөрлөө. Ерөнхий сайд ч салбар бүрийн 21 бүсгүйг онцгойлон баяр хүргэж, гарын бэлгээ дайв. Жилд ганцхан энэ өдөр л монгол бүсгүйчүүд ингэж “хатан” болдог.
Гэвч энэ өдрийн гол утга нь баярлах, цэнгэх төдийхөн биш. Март-8 хэмээх энэ өдрийг Засгийн газраас эхлээд бүх байгууллагын хэмжээнд бүсгүйчүүдэд цэцэг бэлэглэж, баяр хүргэх хэмжээнд л анхаарч ирсэн.
Уг нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр ямар бодлого баримталж, ямар бодит үр дүн гаргаснаа ярьдаг байх учиртай. Тэгвэл манайд эмэгтэйчүүд, хүүхдийн эрх бүрэн хангагдсан уу.
Баярын өдөр хар бараан зүйл бичлээ гэж бүү ундууцаарай. Ээждээ хаягдаж, харанхуй орцонд цочирдон үлдсэн бяцхан охиныг та санаж буй байх.
Уушги нь устчихсан, хөл нь хугарч буруу бороолсноос явж чадахаа больсон, нүдэнд нь цагаа унасан охин... Жижигхэн биедээ ахадсан их тамлал, зодуурийг давж, эцэст нь ой гаруйхан наслаад бурхныг зорьсон бяцхан амь.
Хойд эх, төрсөн эцэг хоёртоо зодуулсаар амиа алдсан дөрвөн настай охины түүх. Шүүхийн үүдэнд харгис нөхөртөө хутгалуулан амиа алдсан бүсгүй гээд аймшигт түүх хөвөрнө. Тэр бүрт хэд хоног шуугисан болоод л мартаж байна.
Эмэгтэйчүүдийн, ээжүүдийн, бяцхан үрсийн амьд, аюулгүй орчинд амьдрах эрхийг төр яаж хангаж байна вэ. Олон бүсгүй, бяцхан үрс харгис нөхрийнхөө, эцгийнхээ гарт амиа алдсаны дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага тооцох заалтыг Эрүүгийн хуульд орууллаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хоёр хууль баталлаа. Ингээд л бүх зүйл сайхан болчихгүй. Өдөр бүр эрх нь зөрчигдөж буй эмээ, ээж, бүсгүйчүүд, хүүхдүүд олон. Тэднийгээ төр яаж хамгаалах вэ.
Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуульд тунхагласан заалт хэрэгжихгүй 25 жил болов. Богино зайны халамжийн улс төр л түлхүү байна. “Эхийн алдар” одон гардуулж, жилд 100-200 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Хүүхдийн мөнгө гэж сар бүр 20 мянган төгрөг олгодог.
Одоо сөрөг хүчнийхэн өрх толгойлсон ээж, аавуудад мөнгө олгох хуулийн төсөл өргөн барих гэнэ. Халамж хэрэгтэй. Гэхдээ халамж нэртэй санал худалдаж авах ажиллагаагаар төрийн бодлого тодорхойлогдох ёсгүй.
Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний эхлэл. Тэдний эрх хангагдана гэдэг нь хүн төрлөхтний эрхийг хангалаа гэсэн үг. Энэ тухай бүх салбарын хуульд тусгаж байж цогц бодлого болно.
Хүүхэд бүр элэг бүтэн, хайраар дүүрэн гэр бүлд төрж өсөж, эмэгтэй хүн бүрийн царайд инээмсэглэл тодорч байгаасай. Сайн сайхан, гэрэл гэгээг бэлгэдэж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай дугаараа та бүхэндээ өргөн барьж байна.
С.ТУУЛ