Манай улс АНУ руу шууд нислэг хийдэггүй учир замдаа сэлгэн сууж, цаг хугацаа их алддаг. Тэгвэл ирэх оноос шууд нислэг хийдэг болох юм байна. Тодруулбал, МИАТ ХК-ийн дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд Монгол Улс АНУ болон Канадын чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Ингэхийн тулд материаллаг бааз болон боловсон хүчний түвшинд олон ажлууд хийгдэж байгаа юм байна. Түүнчлэн олон цагийн өндөр өртөгтэй нислэг учир зах зээлийн судалгааг сайтар хийх хэрэгтэй гэнэ.
Өөрөөр хэлбэл, Америкийн агаарын тээврийн байгууллагын шаардлагыг хангах бэлтгэл ажлууд явагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Боинг компаниас худалдан авсан онгоц алсын зайд нисэх зориулалттай учраас бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын нэг хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм байна.
АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлагын нэг нь боловсон хүчнийг жилдээ хоёр удаа сургалтад хамруулах аж. Ингэхдээ АНУ-ын холбооны нисэх удирдлах газрын шаардлагын дагуу Боинг-ийн сургалтын төв, Европын нисэхийн аюулгүйн ажиллагааны агентлагийн шаардлагын дагуу Герман, Голландын сургалтын төвүүдэд хамруулах шаардлагатай аж.