ХӨСҮТ-ийн ачаалал дийлдэхээ больжээ. Энэ нь улаан бурхантай холбоотой. Устаад байсан гэх улаан бурхан өвчин өнгөрсөн жилийн гуравдугаар сараас манайд дахин дэгдэж, 2016 он гарснаас хойш нийт 3000 орчим хүн улаан бурхан тусчээ.
Тус төв нийт 530 ортой ч 600 орчим хүн хэвтэн эмчлүүлж, Халдвартын тасгийнх нь 330 орон дээр 400 гаруй хүн эмчилгээ хийлгэж буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч Ч.Уртнасан хэлэв. Тиймээс тэд ЭМСЯ-нд албан тоот хүргүүлж, эмч, сувилагч нарынхаа тоог нэмэхийг хүсчээ.
Он гарснаас хойш улаан бурхантсан хүмүүсийн тал нь хүүхэд, гурван хүүхэд тутмын нэг нь 0-8 сартай багачууд байгаа аж. Тэднээс найм нь нас барсныг албаны эх сурвалж мэдээлэв.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийнхэн улаан бурхны 70 мянган хүн тун вакцин авснаас 40 мянгыг нь орон нутагт хуваарилаад буй аж. “Дутуу төрсөн, зүрхний төрөлхийн гажигтай, тархины саажилттай хүүхдүүд улаан бурхан тусах нь элбэг байгаа” гэж Ч.Уртнасан эмч хэлсэн.
Эцэг эхчүүд хүүхдүүдэд улаан бурхан, салхинцэцэг хоёрын аль нэг нь заавал тусах ёстой юм шиг буруу ойлгож, дархлаажуулалтад хамруулахгүй байгаа гэнэ. Тэгвэл улаан бурхан нь тархи, уушги, элэг, нойр булчирхай гээд бүх эрхтэн системийг гэмтээдэг аюултай өвчин юм.
Оны өмнө хэсэг намжаад байсан уг өвчин Цагаан сараас хойш хурдацтай дэгдэж байгаа гэж ХӨСҮТ-ийнхэн ярьж байна. Тиймээс улаан бурхны вакциныг товлосон хугацаанд нь хүүхдүүддээ заавал хийлгэхийг эцэг эхчүүдэд зөвлөлөө.
О.ОРГИЛ