Хоёр бөхт тэмээний уралдааныг “Гиннес”-ийн номонд бүртгүүлэх зорилготой “Монгол тэмээ 999” арга хэмжээ Өмнөговь аймагт энэ сарын 6-7-нд болж, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төрийн түшээд, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгаас тэмээчид, “Гиннес”-ийн дээд амжилт бүртгэх хорооны ажилтнууд гээд гадаад, дотоодын олон хүн оролцсон.
Энэ үеэр 1115 тэмээ уралдахаар бүртгүүлсэн ч долоо нь ямар нэг шалтгаанаар оролцсонгүй. 1108 нь барианд орж ирснийг бүртгэн, албаны хүмүүс манайханд “Гиннес”-ийн дээд амжилтад оруулах батламж гардуулсан юм.
Уралдаанд оролцохоор замд гарсан нэгэн тэмээчин энэ үеэр амиа алдсан харамсалтай мэдээ байна.
Тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж “Уралдаанд оролцохоор ирсэн 55 настай Б гэдэг хүн Даланзадгад сумаас баруун хойш 11 км зайтай газарт золгүйгээр амиа алдсан. Талийгаач Баян-Овоо сумын харьяат бөгөөд тэмээнээсээ унаж, газар дээрээ нас барсан гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа” гэв.