Цэрэг, цагдаагийн хурандаа цолтой зарим хүнд өнгөрсөн хоёр жил хатуу, халгаатайхан байсан гэхэд хилсдэхгүй. Батлан хамгаалах яамны нэр бүхий хурандаа нарыг албан тушаалын хэрэгт холбогдуулан, 2014 оны нэгдүгээр сард сүр дуулиантайхан баривчилсан.
Түүнээс хойш удалгүй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь “Гүйцэтгэх ажил явуулсан” хэмээн цагдаагийн хэд хэдэн хурандааг буруутган, ажилгүй болгосныг уншигчид санаж буй нь лавтай.
Энэ хэргийн учир шалтгаан одоо болтол тодорхой болоогүй байна. Эхлээд тагнуулын байгууллага Х.Тэмүүжингийн гомдлыг хянаад “Цагдаагийн хурандаа нар гэм буруутай нь тогтоогдсонгүй” гэсэн.
Ажлаасаа гэнэт халагдсан хурандаа нар ч шүүхэд гомдол мэдүүлэн, буцаж томилогдоод удаж буй. Гэвч Х.Тэмүүжин АТГ-т дахиад гомдол гаргачихаад нэлээд хэдэн сарыг үдэж байна.
ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫН ХЭРЭГТ Л.МӨНХБАЯСГАЛАНГААС ТАЙЛБАР АВНА
Х.Тэмүүжин цагдаагийн хурандаа нараар “туг тахих” болсон шалтгаан нь өнгөц харахад Г.Сарангэрэл гэх бүсгүйн гар утасны харилцаа, дуудлага мессежтэй холбоотой мэт боловч цаагуураа АН-ынхны дотоод зөрчил, фракцуудын тэмцэлтэй холбоотой нь илэрхий байдаг.
Тамгаа өгөлцөж, авалцсан Хууль зүйн сайд, АН-ын нөлөө бүхий зүтгэлтэн эрхмүүдийн талцлаас болоод цагдаагийн хурандаа нарыг золиослох шахсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Тэдэнд буруу байгаагүй гэдгийг цагдаагийн алба хаагчид, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил эрхэлдэг дунд, бага тушаалын жирийн алба хаагчид нь бүгд л мэдэж байсан.
Тухайн сэжигтний хань хамсаатныг тогтоохын тулд өнөө үед өдөр бүр утасных нь биллийг нягталж, үзэх явцад л мань сайдын “сайн дүүтэйгээ” харилцсан бичвэр, дуудлага ил болсон. Үүнийг л улс төржүүлчихсэн шүү дээ.
Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг нягталдаг тагнуулын байгууллагынхан экс сайдын өргөдлийн дагуу цагдаагийн хурандаа нарыг шалгаад гэм буруугүй гэдгийг баталсан ч, гомдол нь барагдаагүй юм билээ.
Тиймдээ ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст түүний өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм гэсэн. Энэ хэрэгт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаас ч тайлбар авах шаардлагатай гэж үзсэн ч өнөөг болтол байцаагаагүй дуулдаж байна.
Нөгөө Г.Сарангэрэлийн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг бэлтгэхэд Х.Тэмүүжингийн эсрэг ажилласан гэх хурандаа нар ямар оролцоотой байсныг л шалгахаар болж буй юм байх.
САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛДЭЭ ЖИРИЙН ОФИЦЕРУУДЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖЭЭ
Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байсан жирийн алба хаагчид улстөрчдийн албан тушаалын төлөөх тэмцлийн золиосонд хэлмэгдсэн тохиолдол ганц энэ биш.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Жаргалсайхан тэргүүтэй дөрвөн хурандааг “маш нууц” гэсэн дардастай хавтаст хэрэг нээн шалгаад оны өмнөхөн хэрэгсэхгүй болгосон юм.
АТГ, Нийслэлийн прокурорын газар, БХЯ-ны хэд хэдэн эх сурвалжтай уулзаж 300 айлын орон сууцтай холбоотой, хурандаа нарт холбогдох хэргийн талаар тодруулахад бүгд л “Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болдын үйл ажиллагааг харлуулахын тулд хэсэг хүний зохион байгуулсан гүтгэлгийн шинжтэй үйлдэл байсан.
Уг хэрэгт холбогдон шалгуулсан хурандаа Х.Батсайхан хашир хүн тулдаа өөрийгөө ч, нөхдөө ч хэлмэгдэхээс аварч чадсан” гэж байлаа. БХЯ-ны нэгэн хурандаа “300 айлын орон сууцтай холбоотой тендерт санхүүжилтээс эхлээд л Х.Батсайхан, Д.Жаргалсайхан нарыг буруутгасан байдаг юм.
Нээлттэй ил тод зарлагдсан тэр 300 айлын орон сууцтай холбоотой асуудлыг “маш нууц” ангилалд оруулан шалгах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл тийм ангилалд оруулсан нь анхнаасаа л зохион байгуулалттай, хэнд ч мэдэгдэхгүйгээр хэдэн хүнийг гүтгэж, үйл ажиллагааг нь харлуулах гэсэн үйлдэл байсан шүү дээ.
АН, МАН-ынхан УИХ-ын Байнгын хорооны хурал дээр хэлэлцэж байгаад 300 айлын орон сууцны хөрөнгийг төсөвт суулгаж, түүнийх нь дагуу БХЯ-наас тендер зарласан. Тендерт “ХөМоТэ” есөн тэрбум гаруй, “Өндөр буянт” компани 10 тэрбум гаруй төгрөгөөр барих санал ирүүлсэн.
“Өндөр буянт”-ынхан түүний зэрэгцээ 25 давхар барилга барих санал өгсөн. Өөрсдөө 16-гаас дээш давхар барилга барих эрхгүй атлаа ийм санал ирүүлсэн учраас хасагдсан байдаг юм.
Тендер шалгаруулах бүх процесс хуулийн дагуу явагдсан. Х.Батсайхан бүх л сонгон шалгаруулалтын тэмдэглэлийг дүрсээр болон дуу хураагуураар бичиж баримтжуулсан байдаг юм.
Гэтэл тендерийн үнэлгээний комисст орсон БХЯ, ЗХЖШ-ын зарим албан тушаалтан, хурандаа цолтой хүмүүс хэрэгт холбогдсон хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгч байсан нь ичмээр. Худлаа гэвэл Х.Батсайхантай уулзаж, бичлэг, бусад хэд хэдэн баримтыг нь асуугаарай.
Ер нь тэгээд Батлан хамгаалах яаманд сайдын дараа орох албан тушаалд ажиллаж байсан нэгний гар хөл болсон хэдэн хүн л Л.Болд сайдын гэх хүмүүсийг матсан гэж манай яамныхан ярьдаг. АН засгийн эрх барихад Л.Болдоос өмнө л Гадаад харилцааны сайдаар очихын тулд ийм алхам хийсэн гэх яриа одоо ч бий.
Чин үнэнийг хэлэхэд Батлан хамгаалахын сайдаар Л.Болд ажиллаж байх үед Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын олон алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэж, байр, орон сууцтай болгосон юм. Түүнээс хойших сайд нар Л.Болдын эхлүүлсэн ажлаар л “шоудаж” байна шүү дээ” гэлээ.
Хурандаа Х.Батсайхантай 9911… дугаарын утсаар нь холбогдоход “Цаг нь болохоор энэ хэргийн талаар ярилцлага өгч, хэн нь шударга үнэнээр ажиллан, хэн нь хор найруулж байсныг баримттайгаар дэлгэнэ” гэхээс өөрийг хэлэлгүй утсаа салгав. Дахин залгасан боловч утсаа авсангүй.
Түүнтэй нэлээд ойр нөхөрлөдөг цагдаагийн нэг бус хүнтэй уулзахад “Хурандаа Х.Батсайхан өөрсдийг нь хэлмэгдүүлэх гэж байсан улстөрчдийн үйлдлийг таслан зогсоох хангалттай баримт хадгалсан байдаг нь үнэн.
АТГ, прокурорын байгууллагаас түүнийг гэм буруугүйг тогтоосноор эргээд ажилдаа орохоор хөөцөлдөж байгаа нь ч үнэн. Харамсалтай нь, БХЯ түүнийг ажлаас халаагүй, түдгэлзүүлсэн атлаа оронд нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан хүнийг томилчихоод байгааг хэвлэлийнхэн хэд хэдэн удаа бичсэн байсан шүү дээ.
Х.Батсайхан ажилдаа буцаж орох юм бол тэр 300 айлын орон сууцыг ашиглалтад оруулах нэрээр айл бүрээс авсан таван сая төгрөгийн учрыг олж, хохиролгүй болгох ажил хийнэ гэж ярьдаг юм.
Тэрбээр төрд, армид, Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр, чин үнэнчээр ажиллаж байсныг гэрчлэх, хэлмэгдүүлэлтээс өөрийгөө болон нөхдөө авран хамгаалах үнэт баримтуудаа нэгэн хавтас болгон мөрдөн байцаах, прокурорын байгууллагад гаргаж өгсөн. Түүнээс өөр хүн байсан бол сайдын төлөөх АН-ынхны тэмцлийн золиосонд дээлээ нөмөрчих байсан шүү” гэлээ.
Эндээс харахад АН-ынхан фракц хоорондын тэмцэл, мөчөөрхөлдөө албан үүргээ гүйцэтгэж байсан жирийн офицер, алба хаагчдыг ашиглан, ажил амьдралаар нь тоглох гэж байжээ.
Тиймээс АН-ынхан, тэр дундаа Хууль зүйн сайд Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүс фракцгүй нам болохын төлөө тэмцэж, намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах талаар ярьж байна.
Г.РАВЖАА