Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчдыг өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Налайх дүүргийн VI хороонд байрлах нэгэн амралтын газарт амарч байх үед тус газрын дэд дарга, хурандаа Амгалангийн туслахаар ажиллаж байсан, ахлагч Б.Өлзийбуян хүний амь бүрэлгэсэн юм.
Тэрбээр дээрх хэлтсийн нууцын ахлах мөрдөн байцаагч, хошууч Хашболортой архи уусан үедээ үл ялих зүйлээс болж маргалдан, түлхсэнээс хошууч амь үрэгдсэнийг бид өмнө нь мэдээлж байв.
Б.Өлзийбуянгийн гэм бурууг шүүх хурал өчигдөр Налайх, Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон байсан. Гэвч энэ сарын 21 хүртэл хойшлууллаа. Шүүгдэгч Б.Өлзийбуян эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч Э.Ганбат, Т.Отгонбаатар, П.Еркебулан нарыг хөлсөлсөн аж.
Харин өчигдөр шүүх хурлын үеэр Т.Отгонбаатар, П.Еркебулан нараас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах болсноо мэдэгджээ. Тиймээс шүүх хүсэлтийг нь хүлээн авч, шинээр хөлсөлсөн өмгөөлөгчийг нь хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахын тулд хурлыг 14 хоногоор хойшлуулсан байна.
Налайх дүүргийн Прокурорын газраас Б.Өлзийбуянд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний амь бүрэлгэсэн хэмээн Эрүүгийн хуулийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.