Хордлогын яаралтай тусламжийн төвд эмэнд хордсон хүн олон ирэх болжээ. Өдийд харшлын гаралтай, хатгалгаа болдог ханиад томуу их байдаг. Ялангуяа 0-6 насны хүүхдүүдийн дунд өвчлөл буурахгүй, эдгэрэх нь удаан, амархан хүндэрч буй нь багачууд төрөл бүрийн эмэнд дасаж буйтай холбоотойг мэргэжлийн эмч нар хэлэв. Тодруулбал, өрхийн эмч нарын мэдлэг, чадвар муу, эцэг эхчүүд хүүхэд болон өөрсдөдөө дур мэдэн, эмчийн жоргүйгээр эм худалдан авдгаас болоод том, жижиггүй антибиотикт дасаж буй нь аюул болоод байна. Нэг жилд 4-5 удаа ханиад, томуу тусахад хүүхдэд яг адилхан эм бичиж, уулгасан эмч олон байна. Хүүхдэд өрхийн эмч нарын голчлон бичиж өгдөг эм нь флимаксин сольютаб, кетотофен, мини грип, микса флю, аньсны шүүс зэрэг нэг төрлийн эм олон дахин уулгадаг зөрчил буйг МХЕГ-ынхан хэлж байна. Эмч нар нь, эцэг эхчүүд ч тэр эмийг энэ мэт хор байдлаар хэрэглэдэг явдал гарч буй учир тус газрынхан “Эмийн зохистой хэрэглээ” аяныг ирэх сарын 1 хүртэл өрнүүлж буй. Өнөөдөр “Ачтан” эмнэлэгт уг аяныг үргэлжлүүлж, өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр иргэдэд амбулаторийн үзлэг хийж, цусан дахь чихрийн хэмжээг нь тодорхойлон, эмийг зохистой хэрэглэх талаар долоон төрлийн зөвлөмж тараав. Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Номингоос зарим зүйл тодрууллаа.
-Бага насны хүүхдүүд антибиотик, нэг төрлийн үйлчилгээтэй эмэнд дасах боллоо гэж ярьж байна. Ийм тохиолдолд эмч нар тухайн өвчтөнд хэрхэн жор бичих ёстой вэ?
- Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд эмийг зохистой хэрэглэх мэдлэг мэдээлэл олгох, эмчилгээний өндөр үр дүнтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмч нарыг жор бичүүлж хэвшүүлэх, эм зүйч нарыг жороор эм олгодог болгохоор салбарын хэмжээнд аян өрнүүлж байгаа. Эмийг зохисгүй, талх шиг хэрэглэж буйн гол шалтгаан нь өнөөх л эмч нар, эмийн санч, иргэдтэй холбоотой. Сүүлийн үед эм ханган нийлүүлэх байгууллагууд шинэ эм олноор оруулж ирэн, худалдаж байгаа. Эмч нарт энэ талаарх мэдлэг дутмаг байдгаас хуучин эмээ хүүхдүүд, насанд хүрэгчдэд бичсээр байна. Тодруулбал, ижил найрлагатай эмийг ялангуяа хүүхдэд давхардуулж уулган, хордлогод оруулсан, гаж нөлөө үүсгэсэн жишээ олон бий. Худалдааны нэршил нь өөр ч доторх найрлага нь ижил болохыг мэдэхгүйгээс ийм байдалд хүргэсэн. Нөгөөтэйгүүр эмийн санч нар антибиотикийг жороор олгох ёстой ч эцэг эхчүүдэд шууд худалдаж, хүүхдүүд тэрийг нь уугаад эмэнд дасаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон гэрээр эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдээс шинжилгээ авч, антибиотикт хэр мэдрэгийг нь заавал тогтоох ёстой. Тэгж байж тухайн хүүхдэд ямар эм уулгахаа шийднэ.
-Эмэнд дасахын хор уршгийг тайлбарлахгүй юү?
-Хүүхдүүдэд эм хамаагүй уулгаснаар дараа нь ямар нэгэн хүндрэл гарахад эм үйлчлэхгүй, ямар ч сонголтгүй болгочихдог. Тиймээс мэргэжлийн байгууллагууд эмийн нэр төрөл олширч буйтай холбоотойгоор хүүхдэд хэрэглэж болохгүй эмийн жагсаалт гаргасан. Үүнд ижил найрлагатай ч өөр нэртэй эмүүдийг давхар хэрэглэж болохгүйг заасан байгаа. Эмийн жорын маягт, стандартыг 2014 онд шинэчилсэн. Өмнөх стандартаас жорын маягтуудын хэмжээ өөрчлөгдөж, гурван төрлөөр эм бичдэг болсон. Энгийн болон сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах, эрүүл мэндийн даатгалаар олгодог эм гэж ангилсан. Тэгэхээр эмч, жор баригч, иргэд уг стандартыг мөрддөг болчихвол эмийг зохистой хэрэглэж хэвшинэ.