Хүн алган дээрээ үс тавихад түүнийг бөөр л мэдэрч чаддаг. Хүний биеийн хамгийн мэдрэг эрхтэн гэсэн үг. Өчигдөр тохиосон Бөөр хамгаалах дэлхийн өдрөөр улсын I, II, III шатлалын болон хувийн эмнэлгүүд өдөрлөг зохион байгуулж, иргэдэд үзлэг, оношилгоо хийв. Тэгвэл “Улаанбаатар мед” эмнэлгийнхэн өчигдрөөс энэ сарын 18 хүртэл бөөрний үзлэг, шинжилгээ үнэгүй хийж, зөвлөгөө өгөх юм байна.
Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадаг эмчилгээ нь гемодиализын аппарат, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал юм. Бөөр шилжүүлэн суулгуулах санхүүгийн боломжгүй, эсвэл эрхтэнээ солиулах хугацаа нь өнгөрчихсөн хүмүүс бөөр орлуулах аппаратад ордог. Улсын хэмжээнд гемодиализын 99 аппарат ажиллаж буйн 28 нь Нэгдүгээр эмнэлэгт, найм нь Гуравдугаар эмнэлэгт бий.
Улсын III төв эмнэлгийнхэн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй, амбулаториор эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдэд бөөрөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Тус тасгийн их эмч Д.Болормаа, Б.Мэнд-Амар нар “Бөөр өвчлүүлэх эрсдэлт хүчин зүйл, эм, эмийн бодисыг хэрхэн зөв зохистой хэрэглэх, дотоод шүүрлийн эмгэг, чихрийн шижин, бамбай булчирхайн өвчний үед бөөрний үйл ажиллагаа хэрхэн алдагддаг талаар мэдээлэл түгээлээ.
Манайд одоогоор бөөрний архаг дутагдалтай 54 хүн гемодиализын аппаратад байнга ордог. Өвчний үе шатаас хамаараад эмчилгээ нь өөр л дөө. Бөөрний архаг дутагдлын I шатанд эмийн, II-т эмчийн хяналтад эмчилгээ хийлгэнэ, III шатных нь бөөр орлуулах аппаратад ордог. Насан туршдаа буюу долоо хоногт гурван удаа, дөрвөн цагаар ийм эмчилгээ хийлгэдэг.
Энэ жил бид Бөөр хамгаалах дэлхийн өдрийг “Хүүхэд байхаас нь бөөрний өвчнөөс сэргийлж, эрт илрүүлье” уриатай тэмдэглэж байна. Учир нь бөөрний өвчлөлийн анхдагч шалтгаан нь бага насны хүүхдүүдийн хоолойн өвчин, гүйлсэн булчирхайн үрэвслээс болж байгаа.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолой, залгиур эрхтэний эмгэгийг эрт үед нь илрүүлж, бүрэн гүйцэд эмчлүүлбэл ирээдүйд бөөр нь өвдөхгүй, урьдчилан сэргийлж чадна. Хоолой нь ойр ойрхон өвдөж, идээлэн, халуурдаг л бол яаралтай эмчлүүлээрэй.
Эмчлүүлэхгүй цаг алдвал судсаар нян зөөвөрлөгдөн бөөрөнд очиж, улмаар архаг дутагдалд хүргэдэг. Насанд хүрэгчид бөөрний түүдгэнцэр болон тэвшинцрийн үрэвслээс болж өвчин нь архагшиж байна. Түүдгэнцэр нь дархлааны системээс шалтгаалсан үрэвсэл юм. Аажимдаа энэ нь бөөрний нефроныг гэмтээдэг.
Түүгээр ид насны эрчүүд голдуу өвчилдөг бол эмэгтэйчүүд нянгийн гаралтай тэвшинцрийн үрэвсэлтэй байна. Ийм өвчтэй эмэгтэйчүүд бактерлогийн шинжилгээ өгөөд, антибиотикийн эмчилгээ хийлгэвэл 100 хувь эдгэрдэг. Харин түүдгэнцрийн үрэвсэлтэй хүмүүс эмчийн хяналтад байнга явах шаардлагатай” гэж ярив.
О.БАТ-УНДРАХ