Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих ажилд нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч одоогоор 1 см ч төмөр зам баригдаагүй байгаа талаар өнөөдөр “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ынхан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй тус бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэл үүсч, зарим нь дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа аж.
Тодруулбал, Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Монголын төмөр зам" ТӨХК, БНСУ-ын “Samsung СТ” компани энэхүү ажилд шалгарсан.
Улмаар үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгүүлжээ.
Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112.6 тэрбум төгрөг буюу 56.2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч “Samsung СТ" компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ.
Өөрөөр хэлбэл, БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Энэ мөнгө Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон боловч өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа аж.
“Транскон” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Яны хэлснээр “Одоогийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 компанийн гэрээний үлдэгдэл төлбөр 24 тэрбум 600 сая төгрөг байгаа. Шүүхэд хандах гэхээр хуулиараа заавал Сингапурын арбитрын шүүхэд хандах хэрэгтэй. Ингэхээр дотоодын компаниудад хохиролтой юм билээ. Бид хэдийгээр Сансунг гэгдэх компанийн туслан гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулж ажилласан ч Монголын төрд итгэж энэ бүтээн байгуулалтад оролцсон. Иймээс Монголын төрөөс зарласан бүтээн байгуулалтад оролцож, газар шорооны ажлыг 100 хувь хийсэн үндэсний 13 компанид санхүүжилтийг яаралтай олгож, хохирлыг барагдуулахыг Зам тээврийн яам болон “Монголын Төмөр зам” ТӨХК-иас шаардаж байна” гэлээ.