Аливаа зүйлийн зорилго балартах цагт утга нь мөн л замхардаг. Итгэхэд бэрх үлгэр, домгийн хэлбэрээр хүмүүст хүргэх шашин гэдэг зүйл үүний тод жишээ. “Коран” судрыг уншиж үзвэл энхтайвныг илэрхийлэх нь уг шашны зорилго гэдэг нь харагддаг.
Хэн нэгний, ялангуяа өөрийн амийг авах нь уг шашинд хатуу хориотой. Хүний амь бол бурхан л өгч, авах эрхтэй бэлэг учир өөрийгөө болон бусдыг егүүтгэх нь бурхнаас хулгай хийхтэй эн тэнцэх том нүгэл. Харин уг шашны зорилгыг мартагсад номлолынхоо зарим нэг хэсгийг өөрийн хүсэл, хэрэгцээнд зориулж өөрчилснөөр утга нь алдагдаж байгаагийн гэрч та бид болж байгаа.
Энэ нь шөнийн цэнгээнт газарт ирээд “Мөөм барья” шоунд оролцож эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээрэй гэдэгтэй утга нэг юм. Эл өдрийн гол зорилгыг умартагсад эмэгтэйчүүдийн амжилт бүтээлийг магтан дуулах ганц хэсгийг нь сугалан авч, гуйвуулснаас болж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр утгаа алдаж, хоёр хоног Улаанбаатарын гудамж согтуу хүүхнүүдээр дүүрлээ.
Цэргийн баяр ч, Март ч асуудал хөндсөн, бидэнд ямар нэг зүйлийг сануулах гэсэн өдөр болохоос аль нэг хүйсийг магтан дуулах зорилготой, амралт биш шүү дээ. Бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэж ганц өдөр амраад, бүтэн жилийн “нүглээ” цэцгээр наманчлаад өнгөрдөггүй. Харин тэд энэ өдрийг онцлох болсон шалтгаанаа ахин дурсаж, тавьсан зорилгоо сануулж, хийсэн ажлаа дүгнэдэг.
Хувь хүний зорилго гэдэг үүний л нэгэн адил чухал. Тавьсан зорилго нь хэлэхэд инээд хүрэм, “амьдралгүй” том байж болно. Гэхдээ хүрэх цэг байгаа цагт тэмүүлэл бий. Өглөө бүр бид тэр зорилгодоо хүрэхийн тулд сэрж, хөдөлмөрлөж, амьсгална.
Зорилгоо тодорхойлоогүй нэгэн урсгалаараа хөвж, амьдралын утгаа алддаг юм гэж олон сонсож байсан. “Орчин үеийн хүүхдүүд залхуу болсон” гэж хүмүүс ярих дуртай.
Коммунизмын дараа төрсөн тэдэнд хэн ч зорилгоо хэрхэн тодорхойлох ёстой, энэ нь хэр чухал гэдгийг зааж өгсөнгүй. Үг дуугүй хэлсэн бүхнийг хийж, хөдөлмөрлөх ёстой гэсэн ойлголтоор хүмүүжсэн нийгмийн тодорхой давхарга тэднийг үл ойлгоно. Дайн дажин, ухуулга сурталчилгаагүй өнөө цагт сэдэл гэдэг зүйлийг бид дотроосоо л хөдөлгөнө.
Цаашлаад албан байгууллага, улс орон хүртэл нэгдсэн зорилготой байж, түүнийхээ төлөө хамтдаа хөдөлмөрлөсөн цагт илүү үр бүтээлтэй байдаг. Тиймээс ч улс төрийн зарим шинжээч Путинийг унаж байсан рейтингээ өсгөхийн тулд Украин руу дайралт хийсэн гэж таамаглаж байгаа.
Зорилго нь өөр байж болох ч барууныхан Оросын эсрэг дайрсны үр дүнд олон салаад байсан ард түмэн нь нэгдсэн гэдэг нь үнэн. Мэдээжийн хэрэг хэн нэгний эсрэг нэгдэхээс илүүтэй ямар нэгэн үйл хэрэг бүтээхийн төлөө эвсэн нэгдвэл илүү үр дүнтэй, удаан настай байна л даа.
Захирлууд ажилтнуудаа “сэтгэлгүй, санаачилгагүй” гэж зэмлэх нь бий. Уг хэрэгтээ тэд өөрсдийн ажиллаж байгаа газраараа мөн л адилхан бахархаж, илүү сайжруулахыг хүсэж байдаг. Аливаа хүний ажилладаг газар нь түүний “хэн бэ” гэдгийг тодорхойлох томоохон хэсэг болдог шүү дээ.
Нэгдсэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь ямар ч санхүүгийн хөшүүргээс илүү урам, зориг өгдөг. Ер нь хүн чинь сэтгэлийн амьтан юм шүү дээ.
Б.НАНДИНТҮШИГ, Б.НОМИНТҮШИГ