Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэхийн тулд салбар бүр “ногоон” хэв загварт шилжих шаардлага тулгарч байгаа. Манай улс ч энэ санаачилгад нэгдэхээр 2014 онд ногоон хөгжлийн бодлогоо баталсан.
Уг баримт бичгээ хот байгуулалтын бодлоготой уялдуулж, эрчим хүч, ундны ус хэмнэсэн барилга барьж, 2020 онд барилгын дулаан алдагдлыг 20, 2030 онд 40 хувь бууруулах зорилго тавьсан юм. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нэг томоохон алхам нь сургууль, цэцэрлэгээ “ногооруулах”.
Эл зорилгыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагуудаас “ногоон” барилга байгууламж хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж, “Сургуулийн ногоон барилгын гарын авлага” гаргасан.
Мөн “ногоон” сургуулийн барилгын жишиг зураг төсөл боловсруулаад буй. Зураг төслийн дагуу 2017 оноос “ногоон” сургууль барьж эхлэх боломжтой аж. Үүнийг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байгальд ээлтэй сургууль, мөн дүүргийн 22 дугаар хороонд цэцэрлэг барихаар газрыг нь шийдсэн гэнэ.
“Ногоон” сургууль, цэцэрлэг барихдаа иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эсвэл хуучин байшин буулгахад гарсан материалыг дахин ашиглах ёстой гэнэ. Мөн дулаан алддаггүй, агаарт хорт хий ялгаруулдаггүй, хур тунадасны усыг хуримтлуулж ашигладаг, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологитой байх шаардлагатай аж.
БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон “Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнтэй хамтран цэцэрлэгийн “ногоон” барилгын зураг төсөл боловсруулж байна. 2030 он гэхэд ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилт технологи, стандарт нутагшуулж, тэдгээрийг дэмжих хөнгөлөлт, урамшуулал бий болгохоор төлөвлөсөн.
Нар, салхины эрчим хүчний системтэй, ашиглалтын зардал багатай барилга бариад зогсохгүй, дотор нь сурч боловсрох хүүхдүүд ч амьдралын “ногоон” хэв маягийг хэвшүүлсэн манлайлагчид байгаасай гэж хүсэж байна. Цаашид энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.
Ч.ЗУЛ