Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт удаа дараа өөрчлөгдөж, төрийн аливаа байгууллагын удирдлага шинээр томилогдох бүрт тэнд нам, эвслийн харьяаллын хүмүүс ажилд орох нь ихэссэн.
Төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөх, чиг үүргийг нь өөрчлөн шилжүүлэх зэрэг томилгоотой холбоотой шийдвэр байнга гардаг нь сонирхлын зөрчил үүсгэхэд нөлөөлж буй аж.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, нийтийн албанд томилогдох, нэр дэвшүүлэх болон томилгоотой холбоотой шийдвэрт ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа эсэхийг хянан шалгахад зарим байгууллагад хууль тогтоомжийн зөрчил гарсаар байгааг АТГ-ынхан анхааруулж байна.
Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд ийм асуудал их гардаг аж.
Төрийн жинхэнэ албанд шинээр томилогдох, тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орж, шилжүүлэн болон сэлгэн томилох зэргээр 2015 онд 475, 2016 он гарснаас хойш 48 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулсан нь тус байгууллагад томилгоотой холбоотой шилжилт, хөдөлгөөн нэлээд гарч байгааг илтгэнэ.
Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг сануулж АТГ-аас албан бичиг хүргүүлжээ.
Г.РАВЖАА