Авлигатай тэмцэх газрынхан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж, 453 албан тушаалтны мэдүүлгийг нягталж, зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах арга хэмжээ авахуулжээ.
Харин 2016 он гарснаас хойш хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн найман албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлага тооцуулсан аж.
Тус газрынхан энэ оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хуваарийн дагуу одоогийн байдлаар Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 124 мэдүүлэг гаргагч албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж буй юм байна.
Харин энэ улиралд багтаан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газарт төлөвлөгөөт шалгалт хийх гэнэ.
Г.ОРЧЛОН