Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын чуулганаар Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хооронд зорчих иргэдэд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 82.1 хувь дэмжин хуулийн төслийг баталж байжээ.
Харин хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох журам буюу урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөг байршуулдаг байсан эл хуулийн төслийг 2015 оны тавдугаар сард шинэчилж урилгатай эсэхээс үл хамааран таван сая болгож бууруулсан юм. Өнөөдрийг хүртэл дээрх шинэ журам хэрэгжиж ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа юм.
Монголчууд гурван сарын аялалын визээр Солонгос улсыг зорьж хэдхэн сарын дотор их мөнгөтэй болчих юм шиг санасаар бөөн бөөнөөрөө явцгаах болжээ.
Саяхан “Солонгос дахь монголчууд” фэйсбүүк хуудаснаа “Гурван сарынханд дугаараа өгсөн хүмүүс утсаа аваад ярьж байлдаа. Өчигдөр тосно гэсэн хүн нь утсаа авахгүй, хаачихаа мэдэхгүй, таг хэлгүй гэр бүлийн хоёрыг Инчон дээрээс авчирлаашдээ. Надаас ажилд оруулаад өгөөч гээд гуйх юм. Би чинь өөрөө ажилгүй цохиж яваа хүн болохоор өөрсдөө аргаа ол доо гээд орхичихлоо. ......ийм дугаар авч өгсөн шүү. Тэр тосч авна гээд алга болдог хүн гуай хүн чанар гэж байдаг бол ярьж байгаад олоод очоорой. Тэгээд утсыг минь буцааж өгөөрэй...” хэмээн бичсэн байх юм. Өмнөд Солонгост ажиллах гэж очсон монголчуудын дунд иймэрхүү зүйл олон тохиолддог аж.
БНСУ-ын Монгол дахь элчин сайдын яамны виз хариуцсан мэргэжилтний хэлж буйгаар өнгөрсөн оны сүүл буюу 11, 12 дугаар сард гэхэд л 900 гаруй монгол хүн Солонгос улсад харласан гэх. Зөвхөн энэ оны эхний хоёр сарын байдлаар 1000 гаруй хүн амьдралаа дээшлүүлэхээр тус улсыг зорьжээ. Хоёр их дээд сургууль төгссөн нэгэн ч сард авах хэдэн төгрөгийн зөрүүг нь бодон Солонгос руу ажил хийхээр явж буй гэнэ.
Тэгвэл Өмнөд Солонгост ажиллаж байгаа монголчуудын цалин хэдэн төгрөг байдаг юм бол, гэрээгээр ажиллах ямар байдаг талаар тэнд зургаан жил ажиллаад ирсэн Т.Сайннямтай ярилцлаа.
-Та БНСУ-аас хэзээ ирэв?
-Хөдөлмөрийн гэрээгээр зургаан жил ажиллаад ирлээ. Ирээд нэг их удаагүй байна. Анх очихдоо эмэгтэй хүний дотуур хувцасны үйлдвэрт ажилласан. Дараа нь хэвлэх үйлдвэрт, сүүлд дүпүний үйлдвэрт ажиллаж байгаад ирлээ. Хөдөлмөрийн гэрээгээр очсон хүн ямар нэгэн шалтгаанаар дээд тал нь дөрвөн удаа ажлаа сольж болдог юм. Гэхдээ 15 үйлдвэрт ээлжлэн ажилласан залуу байдаг юм билээ. Эзэд нь нааш цааш нь дуудаад хууль бусаар ажиллуулаад байсан гэсэн. Ингээд тогтворгүй ажилласаар байгаад сүүлдээ бие нь муудаад Монголдоо ирсэн. Сүүлийн үед Солонгосын визэнд өөрчлөлт орсноос хойш хүмүүс гурван сарын аяллын визээр очоод ажил хийдэг болж. Миний мэдэхээр гурван сараар яваад тэндээ харлаад үлдсэн хүмүүс их байна. Хэцүү л харагдах юм. Гадны оронд хулгайгаар амь зууна гэдэг ямар л олиг байв гэж. Миний хувьд нөхөртэйгээ хамт ажиллаж байгаад ирсэн. Бид ажиллах хугацаандаа нэг хүүхэдтэй болсон.
-Манайхан Солонгост ажиллаад биегүй боллоо гээд байдаг. Дунджаар хэдэн цаг ажилладаг вэ?
-Тухайн хүнээс л шалтгаалах байх. Миний хувьд өглөөний 08.00-17.00 цаг хүртэл найман цаг ажилладаг байсан. Илүү цагаар ажиллавал нэмэгдэл мөнгө авдаг. Тодруулбал, илүү цагийн мөнгийг ердийнхөөс 1,5 дахин ихээр тооцдог. Хэрэв шөнийн ээлжинд гарвал хоёр дахин илүү цалин өгдөг байсан. Мөн амралтын өдөр ажилласан тохиолдолд хоёр дахин их цалин авдаг.
-Дундаж цалин хэдэн төгрөг байдаг вэ?
-Нөхөр бид хоёр гэрээгээр явсан учраас байр, өдрийн гурван хоол үнэгүй байсан. Бидний үндсэн цалин нэг сая таван зуун далан мянга байсан. Илүү цагаар, сайн ажиллавал сард дунджаар хоёроос гурван сая төгрөгийн цалин авчихдаг байсан юм. Мөн жилдээ нэг удаа үнэгүй эмчийн үзлэгт хамрагддаг.
-Нууц биш бол хэдэн төгрөг хуримтлуулж чадсан бэ?
-Тэнд байх хугацаандаа Монголд байгаа ар гэрийнхэндээ туслаж, дэмжиж байлаа. Ирэнгүүтээ бид хоёр сайхан хашаа, байшин худалдаж авсан. Солонгост байхад хэрэггүй зардал нэг их гаргахгүй, ажил гэр хоёрын хооронд л байсан болохоор олсон бүхнээ цааш нь хийдэг байсны хүчинд өөрсдийн гэсэн орох оронтой боллоо. Харин одоо бидэнд бизнес эхлүүлэх мөнгө хэрэгтэй байна. Тиймээс буцаж явах гэж байгаа.
-Танай гэр бүл зургаан жил мөнгөний төлөө ажиллажээ. Багагүй ч мөнгө олж. Илүү их мөнгө цуглуулахаар эргээд явах гэж байгаа хэрэг үү?
-Заавал явах хэрэггүй л дээ. Хүний нутагт юунд нь дурлах вэ дээ. Гэтэл Монголд амьдрах орчин нөхцөл нь үнэхээр тааруу, ажлын байр байхгүй, цалин багатай, хүн бүр нь стрэсстэй гээд л тоочвол шалтаг маш их байна.
-Олон жил болсон юм чинь Солонгос хэл сайн сурсан биз?
-Би чинь сурах гэж биш ажиллах гэж очсон болохоор зав багатай байсан. Тэгж сайн сурч чадаагүй ээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд ярина аа.
-Баяр наадам, тэмдэглэлт өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Бид нар тэдний баяр ёслолоор л амарч баярладаг. Тэрнээс биш манайд наадам болоод байна, чөлөө өгөөч, тэмдэглэнэ гэлтэй биш. Сэтгэл дотроо л их хөөрч, догдолдог. Гэвч баяр наадам болсны дараа тэр каргод монголчууд зодолдсон гэнэ ээ, тэр бааранд монголчууд муудалцаж үймүүлсэн гэх яриа тасрахгүй шүү дээ. Гэхдээ БНСУ-д ажиллаж байгаа монголчуудыг бүгдийг нь хэлээгүй. Энэ нь тухайн хүний хүмүүжил, араншингаас ихээхэн шалтгаалж байгаа болов уу. Солонгосчууд монгол эрчүүдийг архинд дуртай мөртлөө пянг нь даадаггүй гэж хэлдэг. Учир нь солонгосчууд ямар нэгэн тэмдэглэлт баяр, төрсөн өдөр гээд л хүн юм хойно бидэнтэй л адил идэж ууна. Уусныхаа маргааш яаж ч шартаж, хордлогод орж үхэх гэж байсан ажилдаа цагтаа ирж, ажлын бүтээмж нь буурдаггүй. Гэтэл манайхан шараа тайлна гээд ажлаа таслаад явчихдаг.
-Солонгос руу явах нь гэр бүл салалтыг эрс нэмэгдүүлсэн гэх юм. Таны бодол?
-Тэнд ажиллаж байгаа эрчүүд эхнэртэйгээ утсаар хэрэлдээд уйлаад сууж байгааг би зөндөө харсан. Тэнд хэдэн төгрөг олох гээд л илүү цагаар, шөнийн ээлжинд ажиллахаар утсаа унтраахыг шаарддаг. Харин үүнийг нь энд байгаа хүмүүс мэдэхгүй өөрсөдтэйгээ ижилхэн санаад л харддаг гэсэн. Тэгээд гэр бүл салалт, нууц амраг, араар тавих гэсэн сөрөг үзэгдлүүд гарч ирнэ шүү дээ.
-Тэнд эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээсээ өөр хүнтэй болчихдог гэсэн үг үү?
-Биеэ үнэлэгчидтэй уулзана шүү дээ. Ансань хотод л гэхэд “Ягааны гудамж” гэж бүр биеэ үнэлэгчдийн албан ёсны гудамж байдаг. Тэр гудамжид шилэн хоргон дотор гоё будаж шунхадсан, хувцастай хүүхнүүд байдаг юм билээ.
-Дунджаар хэдэн төгрөгөөр түрээсийн байр хөлслөх үү?
-БНСУ-д хажуу өрөө түрээслэнэ гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс байраар нь хөлсөлнө. Тэр байр нь ихэвчлэн дотроо 00, душтэй нэг том өрөө байдаг. Ханш нь тухайн хотоосоо шалтгаалаад янз бүр. Жишээ нь, Илсан, Ансон хотуудад нэг өрөө сарын 250-500 мянган төгрөгийн ханштай байдаг. Гэрээ хийхдээ гурван сая төгрөг барьцаа болгож өгдөг.
-Харласан хүмүүс голдуу ямар ажил хийдэг юм бол?
-Тэд ихэнхдээ гэр нүүлгэх, бараа зөөх ажлуудыг хийдэг.
-Хараар ажиллаж байгаад баригдаад ачигдах явдал олон гардаг уу?
-Зургаан жилийн өмнө анх очиход харлаад үлдсэн хүмүүс хэрэг зөрчил гаргахгүй л бол баригддаггүй байсан юм. Сүүлд манайхан тийшээ хуулираад байхаар хяналт нь илүү чангарсан. Монголчуудын зарим нь их өөдгүй зантай. Хараар ажиллаж байгаа нутаг нэгтнээ цагдаагийн байгууллагад бариад өгчихдөг. Хэрэв баригдвал өмссөн хувцастай нь л ачна шүү дээ.