Өнгөрөгч долоо хоногт "Мүүн" гэх тодотголоор хэвлэлийн баатар болоод байсан БШУЯ-ы Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнөөдөр "МН мэдээллийн танхимд" цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тэрбээр боловсролын салбарын нэр хүндийг санаатай гутаан доромжлох зохион байгуулалттай ажлыг гүтгэлэг болохыг зарлах зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулснаа сануулаад "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өнөөдрийг хүртэлх өгсөн бүхий л ярилцлагадаа би өдгөө олон нийтийн цахим сүлжээнд бичиж, түгээгээд буй үзэл сурталтай төрийн бус байгууллагад ажиллаж, толгойлж байсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч буй.
Гэхдээ үүний улмаас боловсролын салбарт ажиллаж буй 40.000 багшийг шашны үзэл сурталжсан хичээл зааж байгаа хэмээж буй нь гүтгэлэг юм. Тиймээс зохион байгуулалттайгаар энэ салбарын үйл ажиллагааг харлуулж буй хүн бүрийг шалгуулах хүсэлтээ зохих байгууллагуудад гаргана. Нэг сая гаруй хүнд хамааралтай боловсролын салбар ганцхан хүний нөлөөгөөр бодлогоо өөрчилдөг гэдэг нь огт байж боломгүй зүйл гэдгийг иргэд өөрсдөө ч ойлгож, ухамсарлаж буй биз ээ" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны яам төдийгүй боловсролын салбарын нэр хүнд түүний ажил амьдрал, итгэл үнэмшлээс шалтгаалж буй. Тиймээс Б.Насанбаяр хэвлэлийн хурлын үеэр ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдэж, ажлаас халагдах өргөдлөө хүлээлгэн өглөө.