Сүүлийн хэдэн өдрүүдэд “Мүүн” гэх үг бараг моод болоод буй. Гэхдээ даруй таван жилийн өмнө “цэнхэр үст” хэмээгч Э.Цэрэндолгор энэ шашны хор нөлөөний талаар ярьж, бичиж, олон нийтэд сануулан сэрэмжлүүлж байсан билээ. Харин сүүлийн өдрүүдэд боловсролын салбарын бодлого тодорхойлогч нь мүүнийн шашинтан хэмээн нийтэлж, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьсан эцэг эхчүүдийг эл асуудалд оролцуулж чадсан билээ.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж буй Б.Насанбаяр өнөөдөр 11:30 цагт эл асуудлаар “МН мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.
Орчин үеийн хийцтэй нил ягаан өнгийн дээлээр гоёсон тэрбээр “Миний буурал аавын ах нь Яруугийн хийдийн нэр хүндтэй том лам нарын нэг болох Наран-Очир гэдэг хүн байсан. Хэлмэгдүүлэлтийн эхэн үеэр хэлмэгдсэн авгынхаа нэрээр бид ургийн овгоо тодорхойлсон. Олны хандлага, үзэл бодлыг буруу зүгт чиглүүлсний уршгаар олон мянган хүн хэлмэгдсэн гашуун түүх бидэнд бий” хэмээн хэвлэлийн хурлаа эхлүүлсэн.
Харин уг хурлынхаа зорилгыг “Боловсролын салбар гэдэг сая хүнд, сурч боловсорч буй сурагч, оюутнуудын эцэг эхийг тооцвол Монгол Улсын иргэн бүрт хамаатай салбар. Харин тэр салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг зориуд, зохион байгуулалттайгаар гүтгэж, олныг турхирч байгаа явдлыг эрс няцаахаар хэвлэлийн хурал хийж байна. Цэрэн гэгч эмэгтэй Боловсролын бодлогод шашны үзэл суртал нөлөөлж байна хэмээн мэдэгдсэнээрээ зөвхөн Насанбаярыг биш энэ салбарт ажиллаж буй 40.000 багшийг гүтгэн, доромжилж буй хэрэг юм. Тиймээс багш нарыгаа би шинэчлэлийн хөтөлбөрийн агуулга, баримтлалын талаар, боловсролын салбарын өөрчлөлтийн талаар үгээ илэрхийлээсэй гэж уриалмаар байна” хэмээн онцоллоо.
Гэхдээ энэ бүх мэдэгдэл иргэд хийгээд сэтгүүлчдийн асуултын хариу болж чадсангүй. Тиймдээ ч түүний яриаг таслан сэтгүүлчид ам өрсөн, асуулт асууж эхэлсэн.
-Та Эрдэнэтэд төрийн бус байгууллагад ажиллаж байсан тань үнэн үү?
-Энэ асуудал сөхөгдөж эхэлсэн цагаас л би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн бүхий л ярилцлагадаа төрийн бус байгууллагад ажиллаж, удирдаж байснаа хэлсэн байгаа.
-Тэгвэл та Мүүний шашны талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Цахим сүлжээнд миний гарын үсэг бүхий төрийн бус байгууллагын баримт бичгийг нийтлэн түгээж буй. Үнэн хэрэгтээ Мүүний үзэл баримтлал нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэг болон шашин гэсэн хоёр хэлбэрээр салангид хөгжиж буй. Харин би удирдаж буй төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд шашны үзэл номлол, үйл хэргийг оролцуулахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гарын үсэг зурсныг хүмүүс ийн буруугаар ашиглаж байна.
-Та Цэрэн гэх эмэгтэйг хэдийнээс таних вэ, өмнө нь та хоёрын дунд хувийн маргаан, шийдэгдээгүй асуудал байсан уу?
-Олон нийтийн сүлжээгээр намайг гүтгэн, дайрч эхлэх үеэс л мэднэ. Цэрэн гэдэг эмэгтэй бид хоёрын хооронд хувийн асуудал байхгүй.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад огт түүртэж, сандрахгүйгээр, өөртөө тун итгэлтэй хариулж байгаа харагдсан. Түүнийг сэтгүүлчдийн асуултад хариулж байх үеэр “Та нар дуугүй миний хэлэхийг сонсож бай” хэмээн тал талаас асуулт тавин шуугилдаж байсан сэтгүүлчдийн анхаарлыг өөрийн зүг хандуулсан хүн бол “Эдмон” компанийн захирал Р.Энхбат. Тэрбээр “Танай сурах бичгүүдэд шашны үзэл суртал бүхий агуулгатай үг, өгүүлбэрүүд олон байдаг. Би энэ талаар гомдол гаргаж, цагдаагийн байгууллагуудад хандаж байсан. Та энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Яагаад та одоо болтол энэ асуудлаар надтай уулзаж, хариу өгөхгүй байна вэ” хэмээн давшлангуй асууж харагдсан. Гэхдээ энэ талаар тодруулах гэсэн сэтгүүлчдийн “Танд шашны үзэл суртал дунд сургуулийн сурах бичигт орсон гэх баримт нь бий юү. Жишээ татаж харуулах боломж байна уу” гэх асуултад “Сурах бичиг аваад ир. Би харуулъя. Мүүний талаар би сайн мэдэхгүй. Ямар ч байсан буддын сургаал бол байдаг” хэмээн хариулсан юм.
Хэвлэлийн хурлын дараа Б.Насанбаяртай уулзаж, ярилцлаа.
-Та хэвлэлийн хурлын эхлэлд авгыгаа хэлмэгдүүлэлт өртсөн хүн гэдгийг онцолсон. Энэ нь одоо болж буй үйл явдал мөн л хэлмэгдүүлэлийн нэг хэлбэр гэж үзэж байна гэж хэлж болох уу?
-Тэгж ойлгож болно. Миний буурай аавын ах нь Яруугийн хийдийн нэр хүндтэй лам нарын нэг Наран-Очир гэдэг хүн байсан. Амьд сэрүүн байсан бол олон хүнд тус хүргэх байсан хэмээн аав, ээж гэр бүлийнхэн минь ярьдаг байлаа. Тиймдээ ч аав, ээж минь биднийг багаас хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ хэмээн сургаж, энэ л зарчмаар хүмүүжүүлж ирсэн.
Миний тухай хэл ам гарах үед би ээжээсээ “Та хүний л төлөө явбал өөрийн хэрэг аяндаа бүтнэ гэдэг. Гэтэл би бусдын төлөө зүтгэсээр эцэст нь ийм байдалд хүрчихлээ. Одоо яах вэ” хэмээн асуухад ээж минь “Түмний олон хүүхдийн буянд болно доо” гэж хариулсан юм.
Гол нь өнгөцхөн харахад зөвхөн намайг хэлмэгдүүлээд байгаа юм шиг боловч, улс төрийн зорилготой, зохион байгуулалттай энэ үйл ажиллагаа угтаа залуу үеийг, бидний хойч ирээдүйн ухамсрыг бохирдуулан хэлмэгдүүлж байна.
Хүн сонссоноос илүү харсан зүйлдээ итгэж, түүнээсээ үлгэр дуурайл авдаг болохоор ийм гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийг харж өссөн залуус ингэж болдог юм байна гэсэн ойлголттой болж буй. Тиймээс энэ бүхнийгээ зогсоогооч ээ гэж хэлмээр байна.
-Та энэ бүхнийг захиалгатай гүтгэлэг гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл захиалагчийнх нь талаар ямар нэг таамаг бий юү?
-Тагнуулын ерөнхий газарт гаргаж буй хүсэлт маань захиалагчийг олох. Өөр шигээ хэн нэгнийг хэлмэгдүүлж, гүтгүүлэхгүйн тулд захиалагчийг зохих байгууллагууд нь олж, илрүүлээсэй л гэж хүсэлт гаргаж байна.
-Та өөрөө хэлмэгдсэн хүний хувьд тэр зовлонг дахин өөр хүн амсах вий гэсэндээ шууд нэр заахгүй байгаа хэрэг үү?
-Болгоомжилж байна.
- Энэ асуудал сөхөгдөж эхэлснээр хэр их өөрчлөлт гарч байна вэ?
-Нэгдүгээрт, хүн эрүүл мэндээрээ их хохиродог юм байна. Хоёрдугаарт, амар тайван байдал алдагдаж байна. Манай гэр бүлийнхэн телевизор үзэхээ болилоо. Интернэтээ салгалаа. Тэгж л гэр бүлээ хамгаалахаас өөр арга алга. Гэхдээ бид өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж, өөрсдийгөө гэртээ хорилтой биш. Хүүхдүүд минь сургуульд сурч боловсрон, гэр бүлийнхэн минь ажлаа хийх хэрэгтэй. Энэ бүх доромжлол, тохуурхал, басамжлал миний хүүхдүүдийн зүрх сэтгэл, итгэл үнэмшил, найдвар, өөрийгөө харах өнцөгт нөлөөлчих вий гэхээс би асар их айж байна.
-Хүүхдүүдэд нь ангийн хамт олон, болон эцэг эхчүүдийн зүгээс шахалт дарамт ирж байна уу?
-Энэ талаар яримааргүй байна. Манай нөхөр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очиход хэцүү байна. Би бүр очихоо больсон.
-Мүүний шашны талаар та ямар үзэл бодолтой байгаа вэ?
-Нийгмийн сайн сайхны төлөөх бодитой ажлыг хийдэг. Шашны үзэл сурталжсан, мухар сүсэгт автсан үйл ажиллагааг нь дэмжихгүй гэдгээ бүр 2009 онд хэлж байсан. Тэр байр суурь маань хэвээрээ байгаа. Би Мүүний шашинтан биш гэдгээ удаа дараа маш тодорхой хэлсэн.
Биднийг ярилцаж суух үед Мүүний шашныг эсэргүүцэгчдийн нэгээс сүрдүүлэг бүхий мэссэж Б.Насанбаярын гар утсанд ирсэн юм. Тэрбээр ирсэн мэссэжийг уншуулаад ийм зүйл бол өдөрт хэдэн арваараа ирж байгаа гэв.
-Энэ дайралт, хардлагын дунд тань шиг л үр хүүхдээ хамгаалах гэсэн эцсийн зорилготой эгэл жирийн нэг ээж байгаа гэдэг талаас нь харж байв уу?
-Мэдээж буй энэ бүх хүмүүсийн дунд мэдээлэлгүйгээс ч юм уу төөрөгдөлд автсан хүн байгаа гэдгийг ялгаж, салгаж ойлгож байгаа.
-Энэ бүх хугацаанд боловсролын салбарт ажиллаж буй тэр олон мянган багш нар яагаад ганц ч үг хэлэхгүй байна вэ?
- Өмнө нь энэ муухай сенсаац, хар хэл аманд битгий оролц гэж хэлсэн. Одоо бол байдал ийм хурцадмал болсон тул хэвлэлийн хурлаараа дамжуулан багш, захирлуудыг бодит байдлын талаар яриарай гэж уриалсан. Өмнө нь маш олон багш, боловсролын салбарын ажилтнууд энэ гүтгэлгийн эсрэг ярья, бодит байдлыг харуулъя гэж хандаж байсан л даа. Тухай бүрт би хэл аманд оролцоод хэрэггүй л гэж хэлж байлаа.
Энэ бүх доромжлол, гүтгэлэгт би яагаад ийм хүлээцтэй хандсаны учир нь тэр. Тэдний бичиж, яриад байгаа шиг зүйл огт байхгүй, бидний хийсэн ажлууд нүдэнд харагдахуйц ил тод, боловсролын салбарт хийсэн ажлын талаар ямар ч багш ярих тул би бардам байгаа юм.
Хэрэв үнэхээр би тэдний бичиж байгаа шиг шашны үзэл сурталд автсан байсан бол багш нар маань хэдийнэ үгээ хэлж, энэ талаарх асуудлыг сөхөх байсан.
-Та сэтгүүлч Мөнхбаясгаланг ч бас энэ хэрэгт буруутгаж байгаа гэсэн үг үү?
-Үүнийг хууль, хяналтын байгууллагууд өөрсдөө тогтоож шалгах байх. Би өмгөөлөгчтэйгөө бүхий л баримтыг бүрдүүлж зохих байгууллагад хандахад бэлэн болоод байгаа.
Хийсэн нэвтрүүлгээс нь харахад илт над руу дайрч, гүтгэсэн байдалтай байсан. Бүх зүйлийг надтай холбож харагдсан. Тэгсэн атлаа тухайн ажлыг хариуцаж буй мэргэжилтэнтэй огт холбогдоогүй. Бидний зүгээс нэвтрүүлгийн багт манай мэргэжилтнүүдтэй холбогдох болон зэрэгцэж суугаад мэтгэлцээнд оролцох хүсэлт тавьсан боловч тэдний зүгээс зөвшөөрөөгүй.
-Эрдэнэтэд үйл ажиллагаа явуулж байсан төрийн бус байгууллага тань яг ямар үйл ажиллагаа явуулж байсан юм бэ?
-“Оюуны эрэл” оюутны холбоо залуучуудад ёс суртахуун, төлөвшил олгодог байгууллага байсан. Нэр хүндтэй хүмүүстэй уулзалт зохион байгуулдаг, залуус хамтарч асуудлыг хэлэлцэн шийддэг байгууллага байсан. Миний хийсэн бодитой ажил юу вэ гэхээр Эрдэнэт, Улаанбаатарын оюутнуудыг өвлийн амралтаар нь малчин айлд хонуулдаг байсан. Өвлийн хөтөлбөрийн дараа тухайн малчин айлтайгаа ах дүүс, амраг садан шиг болчихсон өнөө хэр холбоотой байгаа оюутнууд ч олон бий. Би удирдаж байсан төрийн бус байгууллагадаа үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулна уу хэмээн хандсан байгаа. Тус байгууллагад хүмүүсийн хэлээд байгаа шиг бусдаас нуугаад, хорьж цагдаад байгаа зүйл огт байхгүй.