Зарим эцэг эх хүүхдээ буруу үйлдэл хийснийх нь төлөө зодож шийтгэдэг. Хүүхдээ зодсоноор та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд яагаад зодуулснаа бус яаж зодуулснаа л санадаг байна.
Тэгвэл хүүхдийг хүчирхийллийн бус аргаар хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?
1.Хүүхэдтэйгээ тогло
Та маш чухал ажил амжуулах шаардлагатай байсан ч үүнийгээ хойш тавьж хүүхэдтэйгээ тогло. Тэд тоглоомыг өөрсдөө удирдах боломж олговол хайрлах, ухаарах ухаан сурдаг юм.
2.Хүүхдээ хүндэл
Таныг бага байхад тэр бүр хүндэлж байгаагүй, одоо ч гэсэн найр тавиад байдаггүй байж болох юм. гэхдээ та хүүхдээ хайрла. Тэгснээр тэр өөрөө хүндэлж бусдыг хайрлаж сурна.
3.Хүүхдээ зөвхөн сайн юм хийнэ гэдэгт итгэлтэй бай
Тэднийг чадлынхаа хэрээр хийсэн зүйлийг нь “Зөв байна”, “Зөв болж байна” гэж батлан хэлж байгаарай.
4.Хүүхдээсээ таашаал авч бай
Хүүхдийг хүчтэй, шаламгай, авъяастай, хайр хүрэм, хэрсүү, ухаантай, сайхан хэмээн дөвийлгөн сайшаасан хэллэг үргэлж дагалдах ёстойг ямар ч үед бүү төвөгшөөгөөрэй.
5.Хүүхдээ сонс
Таныг бага байхад хэн ч сонсож, ойлгодоггүй байж, гэхдээ та хүүхдийнхээ үгийг анхааралтай сонсвол та өөрийгөө тантай нэгэн түвшинд тавьж, сэтгэн бодох чадвар нь сайжирч, өөртөө тулгарсан бэрхшээлийг давж чаддаг болно.
6. Хүүхэддээ сонирхох боломж олго
Хүүхэд заримдаа таныг сандаргадаг. Тэд дандаа элдэвт дурлаж сониучирхан явдаг. Мөн шинэ сэргэг зүйлүүдийг ч сэдэх асар их нөлөөтэй байдаг.
7.Хүүхдээ үнэл
Хамгийн сүүлд таныг үнэлж байсныг та санахгүй байж магад. Гэхдээ хүүхдээ хэрхэн биеэ авч явж байгаагаар нь, ямар сонирхол үзэл бодолтой байна, яг тэр байгаагаар нь үнэлж магтаж бай.
8.Хүүхдээ өөрийн гэсэн шийдвэр гаргах боломж олго.
Тэдний зарим нэг шийдвэр танд буруу юм шиг санагдаж бухимдуулсан ч хүүхдээр өөрөөр нь шийдвэр гаргуулахыг хичээ. Ингэж байж л тэд өөртөө итгэлтэй бие даах чадвартай болдог юм.
“Чи маш муу хүүхэд” гэж болохгүй
Хэрвээ хүүхэд тань үймүүлж, зөрүүдлэн таныг сонсохыг хүсэхгүй бол хүүхдээ хэрхэн яаж шийтгэхээс үл хамааран дуугаа битгий өндөрсгөөрэй. Хашгичиж, загнаснаар хүүхэд яагаад түүнийг шийтгэж байгааг ойлгодоггүй. Харин ч танаас айж, өөртөө ямар ч дүгнэлт хийж чадахгүй. Тийм учраас хүүхэд рүүгээ хашгичихаасаа өмнө түүнийг тайвшруулахыг хичээгээрэй.
Томчууд бидэнд шалихгүй мэт санагдах зүйлс хүүхдийн хувьд маш том асуудал байдаг тул уйлж, зөрүүдлэхэд нь хүчээр намжаах гэж оролдолгүй уужуу тайвнаар хандах хэрэгтэй.
Гэхдээ хүүхдээ буланд бүү зогсоо. Энэ нь түүнд таагүй байдал үүсгэж, дорд үзэгдэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сэтгэлзүйчид тэднийг өөр өрөөнд оруулан (унтлагын, ажлын гэх мэт. Харин харанхуй өрөөнд оруулж болохгүй, хүүхдэд аймшигтай санагдана) тусдаа сандал дээр суулгаж, “ухаарах” бололцоо өгөх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Тэднийг буруу үйлдэл хийснийх нь төлөө “чи маш муу, муухай хүүхэд” гэх мэт өөрт нь тусгаж загнаж болохгүй. Хүүхдийг өөрийг нь бус тухайн хийсэн үйлдлийг нь буруутгах нь зөв. Жишээ нь чи буруу хэрэг хийсэн, чиний буруу, учир нь... гэх мэтээр ойлгуулаарай. Мөн тэднийг “хэрвээ чи үүнийг хийхгүй бол би чамайг хайрлахгүй...” гэх мэтчилэн сэтгэл санаагаар яасан ч дарамталж болохгүй. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд гэмтэл учруулж болзошгүй.
Томчууд хүүхдээ муухай үг хэлж болохгүй гэж заачихаад, хажууд нь таагүй үг хэлж байвал утгагүй. Мөн худал битгий хэлээрэй гэчихээд, хүүхдээрээ худал хэлүүлээд байж болохгүй.
Аав ээж хоёр нэг тал байх ёстой
Хүмүүжлийн ямар ч арга хувилбар сонгосон бай гэр бүлийн бүх гишүүн нэг зүйл дээр санаа нийлэх нь хамгийн чухал. Хэрвээ томчууд бүгд санаа нийлж, нэг зүйл шаардвал хүүхэд тань юу болно юу болохгүй гэдгийг ойлгох болно. Ээж нь ямар нэг зүйл зөвшөөрөхгүй байгаа бол аав нь ч, эмээ нь ч, өвөө нь ч зөвшөөрөхгүй байх ёстой. Тухайлбал, ээж нь зөвшөөрөхгүй байхад эмээгээсээ гуйгаад зурагт үзчихдэг, эсвэл ээж нь чихэр өгөхгүйг мэддэг учраас ааваасаа нууцаар гуйгаад авчихдаг болгох нь хүүхдэд муу хүмүүжил олгож байгаагийн нэг жишээ юм.
Хүүхэд өөрөө буруу зүйл хийж байгаагаа ухаарахгүй бөгөөд таны хичээл зүтгэл гарган шийтгэсэн явдал ямар ч үр дүнд хүргэхгүй юм. Тиймээс ээж нь шийтгэсэн бол аав нь түүнийг нь хэзээ ч зөрчихгүй байх хэрэгтэй. Үүний тулд урьднаас тохиролцож байхыг хичээх хэрэгтэй бөгөөд хэрвээ бие биетэйгээ санал нийлэхгүй бол хүүхдийнхээ хажууд энэ тухай битгий яриарай.
Тэр яагаад дүрсгүйтэж, зөрүүдэлдэг вэ?
1.Түүнд хайр халамж дутагдсан байж болзошгүй
Хүүхдэд хайр халамж дутагдсан үед буруу үйлдлээр таны анхаарлыг татах гэж оролддог. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж яагаад ингээд байгааг нь лавлаарай. Зөвхөн түүний дараа л шийтгэх эсэхээ шийдээрэй.
Тухайлбал, ээж нь зөвшөөрөхгүй байхад эмээгээсээ гуйгаад зурагт үзчихдэг, эсвэл ээж нь чихэр өгөхгүйг мэддэг учраас ааваасаа нууцаар гуйгаад авчихдаг болгох нь хүүхдэд муу хүмүүжил олгож байгаагийн нэг жишээ юм.
2. Тэр эсэргүүцдэг
Заримдаа зөрүүдлэх нь ямар нэг зүйлтэй санал нэгдэхгүй байгаагийн илрэл.
Гэр бүл эвтэй найртай байх үед хүүхэд тань зохисгүй зан авир гаргаад байвал өөр шалтгаан байж болно. Жишээ нь эцэг эх нь түүнд амлаж байснаасаа огт өөр зүйл хийхээр шийдсэн үед хүүхэд аашлах нь бий. Гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн рүү явахаар төлөвлөж байснаа больчихвол хүүхэд шударга бус үйлдэлтэй тэмцэхээр ийн зөрүүдэлж болно.
3. Хүүхдэд тавгүй байдал үүсэхэд
Хүүхэд өлссөн, даарсан, эсвэл хувцас нь тавгүй байх үедээ зохисгүй авир гаргах нь элбэг. Ийм үед шийтгэх тухай бодохоосоо илүүтэй юу хүсч байгааг нь тодруулах хэрэгтэй.
4. Ганцаардсан үедээ
Үеийнхэнтэйгээ нөхөрлөж чадахгүй байх нь хүүхэд дуулгаваргүй болох бас нэг шалтгаан болдог. Тэрбээр найзуудтайгаа хэрхэн харилцах учраа олохгүй үедээ сэтгэлээр унаж ганцаарддаг бөгөөд үүний улмаас эргэн тойрныхондоо ойлгомжгүй зан, авир гаргадаг байна.