“Монгол Улс улаан бурхан, нүдний ханиад, салхин цэцэг, томуу болон томуу төст өвчнийг хяналтаасаа алдчихлаа” гэж Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний холбооны тэргүүн Д.Авирмэд өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Бага насны хүүхдүүдийн дунд өндөр халуурч, тууралт гардаг халдварт өвчин газар авлаа. Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол улаан бурхангүй улс болсон” гэж сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл он гарсаар хоёрхон сарын дотор арав гаруй хүүхэд улаан бурхнаар эндэж, 6100 орчим хүн халдвар аваад байна. Халдвартай хүмүүсийн олонх нь 0-1 насныхан. Энэ бүхнийг зохицуулах ёстой ЭМСЯ-ныхан ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна. Биднийг хэд хоног эмнэлгүүдээр явахад бодит байдал үнэхээр хүнд байсан. Эргэж тойрч байгаа эрх мэдэлтэй хүн ч алга. ХӨСҮТ-ийн Халдвартын тасгийн 330 орон дээр 400 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж, эрчимт эмчилгээний өрөөнүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратаа хуваан хэрэглэж байхад ЭМСЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан урь орж, өвчин аяндаа намжихыг хүлээж суугаа бололтой” гэж ярьсан юм.
ХӨСҮТ элэгний, бруцеллёзын, хүүхдийн болон насанд хүрэгчдийн цочмог гепатит, гэдэсний халдвартын тасгийнхаа үйл ажиллагааг зогсоон, зөвхөн улаан бурхантай өвчтөнүүдээ эмчилж буй. Өнгөрсөн онд уг өвчин дэгдэлт хэлбэрээр гарч, олон хүн өвчлүүлсэн учир тэд 700 орчим сая төгрөгийн өрөнд унажээ. Өвчний тархалт энэ байдлаараа үргэлжилбэл ирэх зургадугаар сар гэхэд дахин 725 сая төгрөгийн төлбөрт “унах” тооцоог ХӨСҮТ гаргасан байна. Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний холбооныхныг тус төвийн Сэхээн амьдруулах тасагт очиход дөрвөн настай хүү тураалд орж (ийм насны хүүхдийн биеийн дундаж жин 16-18 кг байх ёстой атал хүүгийнх найман кг байжээ), нүдээ ч нээх тэнхэлгүй болчихсон байсныг Д.Авирмэд хэлсэн. Эгэм нь хоёр хугарсан, хоол тэжээлийн гүн дутагдалтай хэрнээ улаан бурхантсан тэр хүүд эмчилгээ хийх гэхээр зүрх нь дийлэхгүй байгааг эмч нар нь хэлсэн байна. Тиймээс хүү удалгүй нас баржээ. Аав нь орхиод гадаад явчихсан, ээж нь архины хамааралтай болсон тул хүүг эмээ нь асарч байж. Хоол унд хангалттай идэж уудаггүй, нагац ах нартайгаа амьдардаг байсан түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний холбооныхон үзэж байна. Д.Авирмэд “Байдал ийм хүнд байхад холбогдох албаныхан олон нийтэд мэдээлэл өгөхгүй, нууж байгаа нь хачирхалтай. Дүүргийн эмнэлгүүд уушгины хатгалгаа, ханиад шуухинаатай хүүхдүүдээр дүүрчихсэн, хонгил, шалаараа хэвтүүлж байна. Салхин цэцэг ч газар аваад байхад ард иргэдэд хэлж, сэрэмжлүүлсэнгүй. “Улаан бурхан устсан” гэх хариуцлагагүй мэдэгдлээс болж, салбараараа санаа амарчихсан байсны горыг нялх хүүхүүд үүрч болохгүй. Иймд вакцины товыг иргэдэд урьдчилан мэдээлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан НЭМГ-ын дарга, бусад албаны хүмүүсийг огцрохыг шаардаж байна” гэсэн юм.