Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч даргаар Л.Даваапилийг томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж АТГ-аас тогтоосон байтал одоо хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байгаа гэнэ.
Тус газрынхан 2015 оны долдугаар сарын 21-нд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлээд байхад УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар тэр өдөр нь Б-I-134 тоот тушаал гарган Л.Даваапилийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл тул сарын дараа хууль хэрэгжүүлж ажиллах талаар дахин албан бичиг хүргүүлсэн ч үл ойшоосоор буй аж.
Л.Даваапил нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны нэгдүгээр сарын 6-ны 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111.2-т заасан бусдыг гүтгэсэн хэрэгт шийтгүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.7 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нэгэн.
Улсын дээд шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байж. Түүний ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дээрх албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” -ыг үүсгэж байна.
Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7 дахь хэсгийг зөрчиж томилгоо хийсэн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт мөн хуулийн 29.2.3-т зааснаар хариуцлага тооцож, Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч, 2016 оны гуравдугаар сарын 21-ний дотор хариу ирүүлэхийг хүссэн албан бичиг Зам, тээврийн сайд М.Зоригтод хүргүүлжээ.
Г.РАВЖАА